Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөд-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Л.Мөнхтүшиг дарга Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Тэрбээр Элчин сайд Пенгсаван Гээвбасөд-ийг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хоёр талын хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Пенгсаван Гээвбасөд Монгол Улсад ажиллах хугацаанд Монголын төр, засаг болон Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үргэлжлүүлэн анхаарч, хувь нэмэр оруулахаа тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлд Л.Мөнхтүшиг дарга Элчин сайд Пенгсаван Гээвбасөд-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.