Бэлчээрийн ургамлын гарц өмнөх арав хоногийнхтой харьцуулахад 10 орчим хувиар нэмэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, ихэнх нутгаар ахиу хэмжээний хур тунадас орж, зуншлагын байдал харьцангуй сайжирчээ. Өмнөх арав хоногийнхтой харьцуулахад энэ сарын 20-ны байдлаар гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурсан аж. Гэсэн ч бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 10 орчим хувьд муу байгаа гэнэ. Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумын нутаг үүнд багтаж байна. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байсан юм.
Монгол орны нийт нутгийн 60 гаруй хувьд ургамлын гарц хэвийн бөгөөд Дархан-Уул болон Төв аймгийн нийт нутаг энд багтаж байгаа аж. Түүнчлэн Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Өвөрхангайн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Ховд аймгийн зарим нутгаар газрын гарц сайн гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл