Манай улсын 1000 хүнд ногдох төрөлт энэ оны эхний хагаст 8.4 болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 нэгжээр буурсныг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулсан “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” тайланд дурджээ. Тодруулбал, энэ хугацаанд улсын хэмжээнд 28 635 эх амаржиж, 28 846 хүүхэд мэндэлсэн байна. Амаржсан эхийн тоо 2023 оны эхний хагасынхаас 4170 буюу 12.7, төрсөн хүүхдийнх 4158 буюу 12.6 хувиар тус тус буурчээ.
1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс, Орхон, Ховдод улсын дунджаас 0.3-2.9-өөр илүү, бусад аймагт 0.3-4.5-аар бага байна. Төрөлтийн тоо Булган аймагт хамгийн бага буюу 1000 хүнд ногдох үзүүлэлт 3.9 байгаа нь улсын дунджаас 4.5-аар доошилсон дүн гэнэ. Бүсчлэлээр нь авч үзвэл төв, хангайн бүсэд төрөлт эрс багассан, баруун аймгууд болон нийслэлд дундаж хэмжээнд байгааг тайланд онцолжээ. Харин 1000 хүн тутамд ногдох нас баралтын тоо өнгөрсөн хоёр жилийн мөн үеийн түвшинд буюу 2.5 байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд манай улсад 65 586 хүүхэд мэндэлсэн нь сүүлийн 15 жилийн доод үзүүлэлт болсон бөгөөд төрөлт 2019 оноос хойш тогтмол буурч байгаа статистик гарсан юм.
Бэлтгэсэн Н.Мишээл