Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсад 1044 хүн усанд осолдож, амиа алдсаныг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 2016 онд хамгийн олон буюу 141 хүн усны ослоор амиа алдсан байна. Өнгөрсөн онд 66 хүн ийм байдлаар энджээ. Усанд осолдсон иргэдийн 32 хувь нь морь, мотоцикль, автомашинаар гол гатлах гэж байжээ. Амиа алдагсдын 14 хувь нь сэлэхээр, дөрвөн хувь нь хүн аврахаар, долоон хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж энджээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 12 хүүхэд усанд осолджээ. Долоодугаар сарын эхний 10 хоногт л гэхэд таван хүүхэд усанд осолдож, амиа алдсан аж. Аялал зугаалгын үед иргэд анхаарал, болгоомжтой байхыг тус байгууллагаас анхааруулсан юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн