Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай хайрхан уулыг тайх ёслол өнгөрсөн бямба гарагт буюу долоодугаар сарын 20-нд боллоо. Монголчууд эртнээс бурхан хэмээн хүндэтгэж, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрхны нэг болох Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал, амьтан, түүх соёлын дурсгалыг хамгаалах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд зарлиг гаргаж, төрийн тахилгатай болгосон юм. Тэгвэл тус уулыг тахих ёслолыг XVII жарны хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр ийнхүү анх удаа зохион байгуулав. Эл хүндтэй арга хэмжээнд хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан хүрэлцэн ирсэн Төрийн тэргүүн уул, овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн зан үйл гэдгийг онцоллоо. Тэрчлэн тэнгэрт хүргэх дуут сумыг Говь-Алтай аймгийн Бугат сумын “Засагт хан” клубийн харваач, Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүлээлгэн өгч, Цогт сумын Төгрөг багийн малчин С.Мандахнарангийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэв. Ташрамд дурдахад, манай улс Бурхан буудай уулын өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт төрхийг хамгаалах зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтад авчээ.
Бэлтгэсэн Н.Ган