Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт эмч Х.Хонгорзул цахим хуудсандаа шүгэл үлээсэн нь олны анхаарлыг татаж буй. Тодруулбал, тус сумд сайн дурын ажил хийхээр ирсэн солонгос шүдний эмч нар багажаа ариутгалгүй, салфетикаар арчиж хэрэглэсэн. Мөн шүлс сорогчийг солилгүйгээр дараагийн хүнд үйлчилж байсан тухай бичжээ.
Тэрбээр энэ талаар“Миний бие Хүрэлдорж овогтой Хонгорзул нь Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвд гэрээт шүдний эмчээр ажилладаг. Өмнөд Солонгос улсын “Агапе” христийн нэгдсэн эмнэлгийн гурван эмч энэ сарын 18-19-нд шүдний тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр манай сумд ирсэн. Би тэднээс суралцах, үзлэгт нь туслах зорилгоор шүдний кабинетдаа орсон. Гэтэл нэг эмч нь бээлийгээ савандан угааж, нэг бээлийтэй олон хүнд үйлчлэхийг харсан. Мөн шүлс соруулагчийг салфетикаар арчиж олон хүнд хэрэглэж байв. Тиймээс би өөрөөсөө 100 ширхэг шинэ соруул өгсөн. Түүнчлэн тэд халдвар хамгаалал, ариутгалын дэглэм сахихгүй, төхөөрөмжүүдээ огт ариутгахгүй, салфетикаар арчиж үйлчилсэн. Үзлэгийн багаж латошкоо арчиж, дараа дараагийн хүмүүст хэрэглэсэн. Энэ мэт мэргэжлийн олон алдаа гаргалаа. Манайд дадлага хийж байсан оюутан “Хоёр дахь өрөөний шүдний эмч ариутгаагүй бохир багажаар шүд авч байна” гэсэн. Тэд багажуудаа маарлаар арчаад, өөр хүнд шууд хэрэглэхийг хараад үзлэгээ зогсоохыг шаардсан. Яагаад ингэж ажиллаж буйг нь асуухад “Бид Солонгост ингэж ажилладаг. Би шүдний профессор хүн” гэв. Би энэ асуудлыг Эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон ажиллаж буй Эрдэнэбаяр эмчид хэлэхэд “Багажаа ариутгаад үзлэгээ үргэлжлүүлэн хий” гэсэн. Мөн аймгийнхаа Эрүүл мэндийн газарт мэдэгдэхэд, шалгах үүргийг Эрдэнэбаярт өгсөн. Гэтэл тэрбээр “Энэ жижиг асуудал байна. Бидний Солонгос явах ажилд чи саад хийлээ” хэмээн зэмлэсэн. Хөдөөний, эрүүл мэндийн боловсрол муутай маш олон хүнийг эдгээр эмч хохироолоо. Шүдний эмчийн хувьд үнэхээр эмзэглэж байна. Энэ асуудалд хяналт тавьж өгнө үү” хэмээжээ.
Үүний талаар тус сумын Эрүүл мэндийн төвийнхөн “Эрүүл мэндийн төвд энэ сарын 18-19-нд солонгос эмч нар ажилласан. Тухайн үед шүдний тусламж, үйлчилгээний ариутгал халдваргүйтгэлийн стандарт зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл гарсан юм. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагад хандан, бичиг баримт, хүсэлтээ илгээсэн” гэв.