Энэ оны эхний хагас жилд 13 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Уг тоо нь өмнөх жилийн мөн үеийнхээс нэг тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд бүгдийг нь Улаанбаатар хотод илрүүлсэн аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 381-т хүрчээ. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 5160 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 25.6 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 43.5 хувийг тэмбүү, 33.3 хувийг заг хүйтэн, 22.9 хувийг трихомониаз эзэлжээ. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 117 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ. Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байгаа аж.
Бэлтгэсэн Ч.Зул