Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 10-16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт 3506 хүн тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний 1393 нь 0-18 насныхан. Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар 125 хүн тус төвд хандсан байна. Тэдний 27 нь арав хүртэлх, 53 нь 10-18 насны хүүхэд аж. Харин 13 хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ. Мөн энэ өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авсан байна. Тэдний 304 нь насанд хүрсэн бол 179 нь хүүхэд гэнэ. Түүнчлэн ахуйн хүрээнд архидан согтуурч, зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүнд тусламж үзүүлсний хоёр нь хүүхэд байжээ.
Үндэсний их баяр наадам залгаад олон сумын 100 жилийн ойн арга хэмжээ үргэлжлэх юм. Тухайлбал, ирэх сарын 3,4-нд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам” болно. Энэ жил 17 аймгийн 102 сум 100 жилийн ойгоо тэмдэглэж, баяр наадмын өдрөө товложээ. Тодруулбал, Говь-Алтай аймаг 18 сумтайгаас 16 нь 100 жилийн ойгоо тэмдэглэх аж. Харин Хэнтий аймгаас ганцхан Норовлин, Сүхбаатараас Уулбаян, Эрдэнэцагаан сумын 100 жилийн ой тохиох гэнэ. Ойн баяр наадамд оролцогчид бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахад анхаараасай. Ялангуяа, хурдан морь унаж буй уралдаанч хүүхдүүдийг гэмтэж бэртэхээс сэргийлж, хамгаалалтын малгай, хувцастай уралдуулахад зохион байгуулагчид анхаарах шаардлагатай байна.
Бэлтгэсэн Ч.Болор