Хамтарсан Засгийн газрын анхдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өгч байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Засгийн газрын хуралдааны журмын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон. Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Хамтарч ажиллах зарчим, хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө эрэмбэлж байна. Хамтарсан Засгийн газар салбар дундын уялдааг хангуулах МАН, АН, ХҮН-ын мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан заалтуудыг судалж,ажиллалаа. Хөтөлбөрийн нэр өөр ч намуудын мөрийн хөтөлбөрийн 80 хувь нь уялдах боломжтой. Улмаар хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулаад, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн барина. Төсөвт тодотгол хийх шаардлага байна уу, эхний ээлжинд нэг сарын дотор хийх төсөл, хөтөлбөрүүдийн гэрээ, үйл ажилагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг өргөн мэдүүлнэ. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан, ажилдаа орсон. Мөн төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах нөхцөл бололцоогоор хангах тухай ч хэлэлцлээ. Хамтарсан Засгийн газрын эхний 100 хоногт хэрэгжүүлэх төлөвлөгөөг салбарын сайд нараас мэдээллийг авч, боловсруулж байна. Ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Мөн
яамдын шинэ бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ” хэмээн ярилаа.