Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгаас энэ оны эхний зургаан сард 87 596 хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 42 хувь буюу 36 765 нь 0-18 насныхан. Тодруулбал, 0-5 насны 11 741, 6-13 насны 15 546, 14-18 насны 9478 хүүхэд үйлчлүүлжээ. Зуны саруудад хүүхэд осол, гэмтэлд өртөх тохиолдол эрс нэмэгддэг. Тухайлбал, өндрөөс унах, ахуйн хүрээний осол, нохой, муурт хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандаж байна. Унаж бэртэх тохиолдол осол, гэмтлийн тэргүүлэх шалтгаан болж буй аж. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний зургаан сарын байдлаар 18 205 хүүхэд явганаас бүдрэх, ор, шат, гуу жалга, унаа тэрэг, барилга, байгууламжаас унаж бэртэж, ГССҮТ-д ханджээ. Мөн 6273 хүүхэд шил шаазан, хутга мэс зэрэг эд зүйлд өртөж гэмтсэн бол 2883 нь зам, тээврийн осолд өртсөн байна. Харин 789 хүүхэд нохойд хазуулжээ.
Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сараас хойш тус төвд могойд хатгуулсан дөрвөн хүн хандаж, тусламж авчээ. Могойд хатгуулсан тохиолдолд түргэн тусламж дуудах, хөдөлгөөнгүй байх, хазуулсан цагийг тэмдэглэх, могойн зургийг авах, цусаар дамжих халдвараас сэргийлж бээлий өмсөх, хазуулсан хэсгийг цэвэрлэж ариутгах, хорыг цааш тархахаас сэргийлж даралттай боолт хийх, их хэмжээгээр ус уух хэрэгтэй гэнэ. Харин хазуулсан хэсгийн цусыг амаараа сорж болохгүй бөгөөд чангалуур болон мөс тавихыг хориглодог аж.