Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ онд шинээр ажилд орсон эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад зориулсан ээлжит “Чиглүүлэх сургалт”-д хамруулжээ. Тус сургалтаар байгууллагын түүхэн хөгжил, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, шагнал урамшуулал, эмнэлгийн болон сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ажлын онцлог, эрүүл ахуй, халдвар хамгаалал зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийг хүргэсэн байна.
Сургалтын эхэнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах үг хэлэхдээ “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагаа, зохион байгуулалт, ажил мэргэжлийн онцлог, дүрэм журам, үүрэг хариуцлагыг шинэ ажилтнууддаа таниулах нь хамгийн чухал. Улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг үндэсний төв маань үүсгэн байгуулагдаад 64 жил болж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна урлаг, спортын авъяас чадвар, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, шинэ санаачлага, эерэг хандлагаар салбартаа төдийгүй нийгэмд танигдсан манлайлагч хамт олон болж чадсан.
Тиймээс энэ байгууллагын эд эс, хөдөлгөгч хүч болсон ажилтан бүр эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг эрхэмлэж “Би” биш “Бид” төвтэй баг, хамт олон болж ажиллах нь зүйтэй. Зөвхөн нэг ажилтны харилцаа хандлага, ёс зүйн зөрчлөөс үүдэн хамт олны хичээл зүтгэл талаар өнгөрөх эрсдэлтэй гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. Хүн амын эрүүл энхийн төлөөх эрхэм үйлсэд хүчин зүтгэж, энэ том хамт олны нэгэн хэсэг болж буй шинэ ажилтан та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье. Итгэлийг зүтгэлээр хариулж, эрүүл мэндийн салбарынхаа хөгжлийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Энэхүү чиглүүлэх сургалтанд нийт 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан аж.