Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Нийт хавдрын өвчлөлийн 33.2 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг. Монголд яагаад элэгний хорт хавдрын тохиолдол ийм өндөр байна вэ. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаарх судалгааг дэлхийн олон орны судлаач судалж, үр дүнг нь хуваалцсан юм. Тодруулбал, АНУ, Испани, Сингапур, Франц улсын 14 байгууллага, тэр дундаа генетикийн судалгааны төвийн эрдэмтэд, мөн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн судлаачид элэгний эсийн хавдар юунаас үүсэж байна гэсэн суурь судалгаа хийжээ.
Судалгааны дүнд Монгол Улсад тохиолдож буй элэгний хорт хавдарт агаарын бохирдол нөлөөлж буйг баталсан байна. Энэ талаар өнгөрсөн онд ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү олон нийтэд мэдээлж байв. Тэрбээр “Монгол хүнд үүсэж буй элэгний хорт хавдарт В, С, Д, вирус зонхилон нөлөөлдөг. Үүний зэрэгцээ 25 хувь нь орчны шалтгаантай. Үүн дотроо 71 хувь нь нүүрс шатааснаас үүссэн бодистой холбоотой мутац илрүүлсэн” хэмээн ярьсан юм. Гэвч энэ нь төдийлөн газар аваагүй бөгөөд олон нийтийн дунд үл итгэх байдал давамгайлсан. Тэгвэл дээрх судалгааг хийсэн АНУ-ын хоёр эрдэмтэн манай улсад ирж, ХСҮТ-д ажилласан юм. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Дэлхийд элэгний эсийн хавдрын чиглэлээр тэргүүлэх зэргийн судлаачидтай манай эмнэлгийнхэн 2016 оноос хамтран судалгаа хийж эхэлсэн.
Генетикийн хоёр төрлийн судалгаа хийж, үр дүнг нь “Clinical cancer research” зэрэг дэлхийд алдартай томоохон сэтгүүлд нийтлүүлсэн. Энэхүү судалгааг цаашид үргэлжлүүлэх бөгөөд элэгний эсийн хавдрын эмчилгээний удирдамжийг өөрчлөх ёстой болж байна. Хими, бай, дархлаа эмчилгээг мэс засал болон туяа эмчилгээтэй хавсрах, цогцоор нь хийх хэрэгтэй. Тухайлбал, эм сонголтын хувьд үр дүнтэй, эсэхийг нь нотлох боломж бүрдэнэ” гэв. Энэ талаар АНУ-ын Нью-Йорк хотын Mount Sinai болон Испанийн Барселона их сургуулийн элэгний хавдрын судалгааны багийн ахлагч, профессор Жосеф Ловеттой ярилцлаа.
ЖОСЕФ ЛОВЕТ: ЗУРГААН ЖИЛИЙН ТУРШ 200 МОНГОЛ ӨВЧТӨНИЙ ЭЛЭГНИЙ ЭДИЙГ ШИНЖИЛСЭН
-Та бүхний хийсэн судалгаагаар монголчуудын элэгний хорт хавдарт агаарын бохирдол нөлөөлж буй гэсэн үр дүн гарчээ. Үүнийг дэлгэрүүлэхгүй юү?
-Монгол Улсад нийт нас баралтын 10 хувь нь элэгний хорт хавдрын шалтгаантай. Хорт хавдрын гол шалтгаан нь элэгний В, С вирус болон архины хэрэглээ юм. Үүнээс гадна бидний судалгаагаар элэгний хорт хавдарт нүүрс шатааснаас үүссэн бодис нөлөөлж буйг тогтоосон. Энэ нь элэгний хавдарт гений мутац үүсгэж, эрсдэлийг нэмж байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолтой холбоотой гений мутац хавдарт нь үүссэнээр тохиолдлын тоог нэмэгдүүлж байнагэж үзэж буй.
-Элэгний хорт хавдар үүсгэх олон шалтгаан бий гэдэг. Үүн дээр нэмээд утаа нөлөөлж байна гэсэн үг үү?
-Элэгний хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлс нь бусад улсад ч мөн адил байдаг. Харин шинээр нээж олсон хүчин зүйл нь нүүрстэй холбоотой гений өөрчлөлт юм.
-Хэчнээн хүний элэгний эдийн шинжилгээнд үндэслэн, ямар хугацаанд энэ судалгааг хийсэн юм бол?
-Энэ судалгааг хийхэд зургаан жил зарцуулсан. Нийт 200 монгол өвчтөний элэгний эдийг шинжилж, энэ дүгнэлтийг гаргалаа.
-Манай улсын хувьд элэгний хавдар үүсгэж буй хүчин зүйл нь бусад улсынхаас хэд дахин өндөр гэж сонссон.
-Монгол Улсад элэгний хавдрын тохиолдол бусад орноос өндөр байгаа нь анхаарал татдаг. Тухайлбал, 100 000 хүн амд 80-100 тохиолдол оношлогдож байна. Мөн элэгний хавдар хамгийн нийтлэг тохиолддог орон нь БНХАУ. Гэтэл тус улсад 100 000 мянгад 25 тохиолдол илэрдэг. Энэ нь Монгол Улсаас даруй дөрөв дахин цөөн гэсэн үг. Харин барууны орнуудад100 000 хүн амд найман тохиолдол илэрдэг.
-Нүүрсний угаар элэгний хорт хавдарт нөлөөлж буйг судалгаагаар тогтоолоо. Манай улс юу хийх хэрэгтэй бол. Ямар зөвлөмж өгөх вэ?
-Нэгдүгээрт, нийт хүний амыг В вирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулах хэрэгтэй. 1991 оноос вакцинжуулж эхэлсэн ч хүн амыг бүрэн хамруулж чадаагүй. Ялангуяа орон нутагт учир дутагдалтай. В вирусийн эсрэг вакцинд бүгдийг нь хамруулж чадвал элэгний хавдрыг бууруулахад томоохон үр дүн гарна. Одоогоор Монголд В вирусийн халдвар хүн амын найман хувьд тархсан. Вакцинд хамруулснаар халдварыг нэг хувиас бага болгож, 30 жилийн дотор бууруулах боломжтой. Хоёр“ дугаарт, С вирусийн шалтгаант халдварыг эмчилгээний аргаар бууруулна. С вирусээс хамгаалах вакцин байхгүй. Хүн амын есөн хувь нь С вирусийн халдвартай байна. Тиймээс 8-12 долоо хоногийн хугацаанд эмчилгээ хийж, 98- 100 хувийн амжилттайгаар энэ вирусийг дарангуйлах боломжтой. Гуравдугаарт өгөх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төвөгтэй байж мэднэ. Монгол эрэгтэйчүүдийн 50-иас илүү хувь нь архины хэрэглээ өндөртэйд тооцогддог. Энэ нь элэгний хавдрын шалтгаан болдог. Архины хэрэглээг бууруулах нийгмийн эрүүл мэндийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, агаарт цацагдаж буй нүүрсхүчлийн хийг багасгах зорилгоор нүүрсний хэрэглээг бууруулах нь нэн чухал байна. Цэвэр агаар хавдрын эрсдэлийг бууруулдаг.
-Агаарын бохирдол хэдий хугацаанд элэгний хорт хавдар үүсгэж буйг судалсан болов уу?
-Одоогоор агаарын бохирдолд өртсөнөөс хэр хугацааны дараа элэгний хавдар үүсгэж буйг судалж тогтоогоогүй. Гэхдээ бидний судалснаар агаарын бохирдолтой холбоотой элэгний хавдартай нийт хүний 25 орчим хувьд нь генийн мутац үүссэн өөрчлөлтийг илрүүлсэн.
-Бусад улсад ийм тохиолдол гарсан уу?
-Орчны нөлөөлөх хүчин зүйлс гэж байдаг. Жишээ нь, БНХАУ-д уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг тангаас шалтгаалсан нэгэн төрлийн хүчил агуулсан эм хэрэглэдэгтэй холбоотойгоор элэгний хавдрын тохиолдлыг ихэсгэдэг тал ажиглагдсан. Бусад улсад утаатай холбоотой элэгний хавдар үүсгэж байна гэх судагааны үр дүн гараагүй.
ХСҮТ-д элэгний хавдрын мэс засал хийхэд арга зүйн тусламж, дэмжлэг үзүүлж, гар бие оролцож явсан Сасон Роаяае эмчээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр АНУ-ын “Алберт Эйнштейн” эмнэлгийн профессор, элэгний мэс засалч юм.
САСОН РОАЯАЕ: В ВИРУСИЙН ВАКЦИНД БҮХ ХҮНИЙГ ХАМРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
-Та судалгааны багт ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Би сүүлийн 15 жилийн хугацаанд ХСҮТ-д ирж, байнгын холбоотой ажиллаж байгаа. Эхэн үедээ элэгний мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулахад анхаарч, хамтарч мэс засал хийж байлаа. Монгол эмч нарын ур чадвар маш сайжирсан. Одоо мэс заслын хувьд миний тусламж хэрэггүй. Миний тусалж чадах дараагийн зүйл нь судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх байв. Ингээд элэгний эсийн хавдрын тэргүүлэх судлаач Ловет профессортой холбож өгсөн. Монголын элэгний хавдрын шалтгаан, нөхцөлийг илрүүлэх судалгааны ажлыг анх би эхлүүлсэн юм. Өвчтөнүүдээс эдийн дээж авч, АНУ-ын судалгааны багт илгээсэн.
-Элэгний хавдрын үед мэс засалтай хавсрах эмчилгээний ямар арга байдаг бол?
-Энэ судалгаанаас харахад Монголд хавдрын дийлэнх нь үрэвслийн шалтгаантай байна. Үүнтэй холбоотойгоор дархлаа эмчилгээг сайжруулбал хариу урвал үзүүлэх магадлалтай гэж харж байна.
-Та бүхний өгсөн зөвлөмжийн дагуу арга хэмжээ авахад бодлогын хэмжээнд олон зүйлийг өөрчлөх шаардлагатай болно. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Ловет профессорын хэлсэнтэй санал нэг байна. Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор В вирусийн вакцинд хүн амыг нийтэд нь хамруулах хэрэгтэй. С вирусийг эмчлэх, архины хэрэглээг бууруулах нь чухал ач холбогдолтой.