Зуны хэт халуун өдрүүдэд стрессээ хянаж, эрүүл хооллох, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах нь чухал болохыг НЭМҮТ-өөс анхаарууллаа. Тодруулбал, наршилтаас сэргийлэхийн тулд халуунд гадуур удаан хугацаагаар явахгүй байх, толгойгоо хүйтэн усаар тогтмол норгох хэрэгтэй гэнэ. Хооллолтын хувьд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны олон төрлөөс хэрэглэж, нүүрс усаа тохируулах нь чухал юм байна.
Түүнчлэн транс тос, давсны хэрэглээгээ багасгах нь чухал аж. Хэт халалтын үед архи, согтууруулах ундааг бага хэрэглэхийг анхааруулав. Мөн шингэн зүйлийг ойрхон хугацаанд бага багаар уух нь зүйтэй гэнэ. Хэт халалтын нөлөөгөөр бүх биеийн судас тэлснээр цусан хангамж муудаж, тархины цус харвалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс зүрх судасны өвчтэй хүмүүсийн даралтыг тогтмол шалгаж, эмээ цаг тухайд нь уух хэрэгтэй. Ойрын өдрүүдэд 28-30 хэм хүрч халахыг цаг уурын байгууллагаас мэдээлээд буй.
Бэлтгэсэн: А.Үүлэн