Зуны улиралд, тэр дундаа Үндэсний их баяр наадмын өдрүүдэд осол, гэмтлийн тохиолдол эрс нэмэгддэг байна. Энэ хэрээр Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн ачаалал ихэсдэг. Баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотойгоор зам, тээврийн болон ахуйн осол, гэмтлээс сэргийлэх талаар тус төвийнхөн өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, өнгөрсөн оны долоодугаар сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийнхан нийт 15 588 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тэдний 41.8 хувь нь 0-18 насны хүүхэд байж. Ялангуяа мориноос унаж бэртэх нь нэмэгддэг бөгөөд өнгөрсөн онд 204 хүүхэд гэмтсэн аж. Тэдний 35 нь уралдааны мориноос унасан байна. Энэ оны эхний зургаан сард мориноос унаж бэртсэн 601 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсний 269 нь хүүхэд байжээ. Иймд Зам, тээврийн осол болон болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв. Тэр дундаа бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, хорхог, боодог, бусад төрлийн идээ, ундаа бэлтгэхдээ түлэгдэж, гэмтэхээс сэргийлэх, гол ус, нуур, цөөрмийн дэргэд анхаарал, болгоомжтой аялахыг сэрэмжлүүлсэн юм. Баяр наадмын өдрүүдэд гарсан осол, гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг гэнэ.