Хамтарсан Засгийн газар байгуулахаар МАН, АН, ХҮН нам хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тэгвэл Засгийн газрын бүтцийн хувьд гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд, ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиг үүргийн 12 яамтай ажиллахаар зурагласан байна. Бүрэлдэхүүний хувьд нийт 23 сайдтай, яамдыг дэд сайдгүйгээр ажиллуулахаар төсөл боловсруулав.
Тодруулбал, Эрчим хүчний сэргэлт, боомтын сэргэлт, баялгийн тэгш хуваарилалт, түгжрэл зэрэг асуудлыг МАН, Эдийн засаг хөгжлийн яам, Хууль зүйн яам зэргийг АН, хяналтын функцийн чиглэлийн бодлогыг ХҮН-д хариуцуулах аж.
Засгийн газрыг бүтцийг дараах байдлаар төлөвлөжээ.
Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд
Шадар сайд:
- Монгол Улсын Шадар сайд
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
- Монгол Улсын Шадар сайд
Яамгүй сайд:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд
- Хот хариуцсан сайд
- Боомт хариуцсан сайд
Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам
- Эдийн засаг хөгжлийн яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
Чиглэлийн 12 яам
- Байгаль орчны яам
- Батлан хамгаалах яам
- Барилга хот байгуулалтын яам
- Боловсролын яам
- Зам тээврийн хөгжлийн яам
- Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын яам
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийн тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэн баталж, маргааш Засгийн газрын гишүүд тангараг өргөх бололтой.