“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагынхан дотоодын аялал жуулчлалын чиг хандлагын талаар хийсэн судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд “Улаанбаатар трэвэл экспо” арга хэмжээний үеэр 350 орчим хүнийг хамруулан санал асуулга явуулж, түүндээ үндэслэн дүн шинжилгээ, тооцоо хийсэн байна.
2023 оны аялал жуулчлалын оргил үед буюу долоо, наймдугаар сард 1.1-1.4 сая дотоодын жуулчин эх орноороо аялжээ. Тэгвэл өнөө жил багцаагаар 1-1.2 сая аялагч хөдөө, орон нутгийг зорино гэсэн тооцоо гаргасан аж. Нийт аялагчийн 20 хувь нь Архангай, Өвөрхангай зэрэг төвийн бүсийн нутгийг зорих төлөвтэй гэнэ.
Өнгөрсөн жилийн судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь нь автомашинтай аяллыг сонгож байсан бол энэ онд 45 хувьд хүрч буурах магадлалтай гэж үзжээ. Сүүлийн жилүүдэд адал явдалт, тэр дундаа морин аялал сонирхдог дотоодын жуулчны тоо нэмэгдэх хандлагатайг “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны судлаач Б.Ербахыт дурдав. Хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ аялах нь сүүлийн жилүүдэд буурч, танихгүй хүмүүстэй групп үүсгэн, эсвэл аяллын клубт нэгдэн явах нь олширч байгаа аж. Хугацааны хувьд аялагчдын 43 хувь нь 7-10 хоног, 27.5 хувь нь 11-15 хоног аялах төлөвтэй гэнэ. Энэ нь баяр наадам, ээлжийн амралтын үе таарч байгаатай холбоотой гэж үзжээ. Өнөө жил дотоодын аялал жуулчлалаас 340 тэрбумаас 1.1 их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн тооцоо гаргасан байна.
Бэлтгэсэн У.Наран