Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн долоодугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, туркийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын ерөнхий захирал Эсра Жанкорур нар тус тус тэргүүлж ажиллалаа.
Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, зорилтыг харилцан танилцуулж, Монгол, Туркийн харилцаа хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, байгаль орчин, батлан хамгаалах, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар болон бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Мөн энэ онд тохиож буй Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах, хоёр орны харилцааг тэлж, түншлэлийг ахиулах талаар санал солилцлоо.