- УИХ-ын гишүүд тангаргаа өргөв -
Сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Энэ эрхэм танхимд хувь хүний хэрүүл, маргаан бус, улс орны хөгжил, дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай. Үүнийг ч ард түмэн та бүхнээс хатуу шаардаж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай. УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэсэн эрхэм хүндтэй нэр хүндийг өндөрт өргөн, хариуцлагатай авч явахыг хүсье. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд байгаль орчин, үндэсний үйлдвэрлэл, стратегийн ордууддаа онцгой анхаарч, хүнс, эрчим хүч, нефть, шатахуунаар дотоодын хэрэгцээг хангах аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нэн ялангуяа хүнд болон хөнгөн үйлдвэрийн цогцолборуудыг ашиглалтад оруулах, дэд бүтэц, төмөр зам, транзит тээвэр, хилийн боомтоо хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслөө шуурхайлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой үндэсний хөтөлбөр, шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах ажлыг УИХ, Засгийн газар бодит ажил хэрэг болгох ёстой. Төрийн тэргүүн ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхний үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж, шахаж, шаардаж, бодит үр дүн нэхэж ажиллах болно. Энэ удаагийн УИХ ёс зүй, сахилга, хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг онцгойлон сануулж байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд ч хуульд захирагдан, бурууд нүд хурц байж гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт хэрэгтэнд ял завшуулж болохгүй гэдгийг хатуу сануулъя. Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улстөржүүлж огт болохгүй” хэмээн онцолсон.
УИХ-ЫН ДАРГААР Д.АМАРБАЯСГАЛАНГ СОНГОВ
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргалахаар заасны дагуу Д.Рэгдэл удирдсан юм. Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ес дэх удаагийн сонгуулийн дүнг танилцуулан, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө. Хуралдаан даргалагч Д.Рэгдэл нэрсийг нь цагаан толгойн үсгийн дарааллаар дуудахад гишүүн тус бүр хуульд заасны дагуу “Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангаргаа уншиж, төрийн сүлдэнд мэхийн ёсолж, далбаанаасаа адис аван, тангаргийн бичигт гарын үсэг зуран, энгэрийн тэмдгээ гардаж авлаа. Үүний дараа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг батлав.
Үргэлжлүүлэн олонх болсон МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосноор гишүүн Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонгосон. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын даргын хувьд парламентад суудалтай намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулийг сахин ажиллана. Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд УИХ олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тухайлбал, УИХ-ын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах нөхцөл, боломжийг дээшлүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээ авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарах болно. Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна” гэв.
Ташрамд дурдахад, Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар сонгогдсон тул МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Иймд түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг тус намын Удирдах зөвлөлөөс гаргасан байна. Мөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, парламентад суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Засгийн газар байгуулах талаар ярилцахаар болжээ.
“УИХ-ЫН ДАРГА ҮНДСЭН ХУУЛИАС ГАДУУР ЭРХ МЭДЭЛ ЭДЭЛДГИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ”
Парламентын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураадаг дэгтэй. УИХ-ын даргыг сонгосонтой холбогдуулан гишүүн Х.Тэмүүжин “Парламент бүр өөрсдийн ажиллах дэгээ бий болгох ёстой. Харамсалтай нь, энэ УИХ-ыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ гэдгийг ямар ч хэлэлцүүлэггүйгээр шийдэх дэг баталчихсан юм байна. УИХ-ын дарга бол парламентат ёсыг бэхжүүлэх гол багана нь учраас ҮАБЗ-ийн гишүүн болгож, Үндсэн хуулиас гадуур эрх мэдэл эдэлдгийг болиулах хэрэгтэй. Мөн Тусгай хяналтын дэд хорооны үйл ажиллагааг сайжруулж, иргэндээ халдаж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг явдал хяналтын гадна үлддэг болсныг засах ёстой. Энэ парламент иргэнийхээ эрхийг хамгаалдаг байхын тулд ийм чиг үүргийг Хууль зүйн байнгын хороонд өгөх зэргээр шинэчлэх хэрэгтэй. Түүнчлэн гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалыг хэрэгжүүлж буй хүмүүс нэг байшинд холилдоод суудаггүй учраас Төрийн ордноос Засгийн газрыг гаргана гэдэгт итгэж байна. Ер нь эвслийн Засгийн газар байгуулбал парламентын дархлаа суларна. Ийм тохиолдолд Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн комисс зэрэг парламентын хяналтыг хэрэгжүүлдэг байгууллагыг гүйцэтгэх засаглалаас ангид ажиллуулах ёстой. Авлигатай тэмцэх ажлыг парламент нь манлайлж хийгээсэй” хэмээлээ.
Ийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдсан юм.