УИХ-ын 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, нэрийн эхний үсгийн дарааллаар тангараг өргөж байна. Ингэснээр тэдний бүрэн эрх баталгаажиж буй. Монгол Улсын Их хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль УИХ-ын 126 гишүүнийг анх удаа хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан. Сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл, 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн их оролцогчтой болов. Мөн сонгуулийн тогтолцооны онцлогоор олон нам, нэр дэвшигч оролцсон нь СЕХ-нд шинэ сорилт байв.
Сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд зөрчил гаргасан эсэх гомдлыг Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаа, тагнуул, хуулийн есөн байгууллага шалгахаар хуульчилсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хойш нийслэлд 756, орон нутагт 554 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр гомдол мэдээлэлд холбогдох байгууллагууд шалгалтын ажил явуулсан. Тагнуулийн ерөнхий газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам болон СЕХ-ны дэргэдэх мэдээлэл технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгслийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгов.
Монгол Улсын Их хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг гадаадын болон олон улсын нэр хүндтэй 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж ажилласан. Мөн сонгууль ажиглах 29 орны сонгуулийн төв байгууллагын ажилчид, элчин сайдын яамдын хүмүүс болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын төлөөлөгч нар хяналт тавьсан.