Иргэдийн оролцооны нэгдэл намын дэргэдэх Үнэт зүйлийн зөвлөл МАН-ыг энэ удаагийн сонгуулиар төрийн сүлжээ ашиглаж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэж үзэж буй аж. Тус намын дарга Ц.Оюунгэрэл Үнэт зүйлийн зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг өчигдөр олон нийтэд танилцуулав. Тэрбээр “МАН төрийн сүлжээ, улсын бүртгэлийн мэдээллийг онцгой эрхтэйгээр ашиглан, бусдад хуулиар олгогдоогүй давуу байдлыг өөртөө бий болгож, иргэдийг дарамт, эрхшээлдээ оруулан санал авах замаар сонгуульд ялсан. Тэд чухам ямар сүлжээ, технологи ашигласныг иргэдэд үнэн, зөвөөр мэдээлэх нь улс төрийн үүрэг гэж үзэж байна. Нэгдүгээрт, МАН-д үйлчилдэг төрийн албан хаагчид төрийн утасны төлбөр, цалин, хангамж зэрэг төрийн зардлыг ашиглан нарийвчилсан судалгаа авч, сонгогчдын улс төрийн хандлагыг сонгуулийн жил эхэлснээс сурталчилгаа дуусах өдөр хүртэл тандлаа. Орон нутгийн бүх шатанд үнэмлэхүй олонхоор засаглаж буй МАН төрийн сүлжээг ашиглаж гаргасан энэхүү тоо баримтаа үндэслэн нарийвчилсан тактик боловсруулах чадамжтайгаар сонгуульд оролцсон. Бусад намын хувьд судалгаа хийх эрхгүй, чадамжгүйдээ биш, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баримталж ажилласан. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдад, ялангуяа багш нарт тус намыг дэмжиж, санал өгөх тус бүр таван хүний нэр, утас, регистрийн дугаар, гэрийн хаягийн мэдээллийг авчран, сонгуулийн өдөр 11.40 цагаас өмнө саналыг нь өгүүл гэсэн үүрэг оноосон. Төрийн албан хаагчид ажлаа алдахгүйн тулд найз нөхөд, төрөл садан, ойр дотнын хүмүүсийнхээ мэдээллийг МАН-ын сонгогчдыг хянах сүлжээнд бүртгүүлж байлаа. Бүртгүүлсэн иргэд саналаа очиж өгсөн, эсэхийг сонгогчдыг хянах сүлжээнийхэн санал хураалтын явцад тэмдэглэж, “Таны хүн ирсэнгүй, байгаа газраас нь авчир” гэх зэргээр шаардсан. Энэ шаардлагын хүрээнд сонгогчдыг хянах сүлжээнийхэн айлын гэр, эмнэлгийн тасагт хүртэл очсон байна. Регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг хүний хувийн мэдээллийг авахыг хуулиар хориглодог. Харин МАН-ынхан төрд ажиллаж буй хүмүүсээр дамжуулан энэ мэдээллийг авснаараа бусдаас илүү, онцгой, давуу эрх эдэллээ. Гуравдугаарт, сонгуулийн санал хураах өдөр аливаа улс төрийн нам, нэр дэвшигчдийг сонгогч руу утсаар ярих, зурвас илгээхийг хуулиар хориглосон атал тус намын харьяалалтай албан тушаалтнууд, төрийн албан хаагчид сурталчилгааны энэ арга хэрэгслийг давуу эрхтэйгээр ашиглалаа. Тэд сонгогчдод масс мессеж илгээж, утсаар ярьж, ухуулсан. Дөрөвдүгээрт, МАН-ын сонгогчдыг хянах сүлжээнийхэн санал авах байруудын үүд хавиар байнга байж, шуурхай мэдээлэх үүрэгтэйгээр ажиласан. Ажиглагчид нь сонгогчдын байдал, ирцийн мэдээллийг “МАН- 2024” нэртэй аппликэйшнээр дамжуулан намынхаа дотоод сүлжээнд оруулсан. Үүндээ үндэслэн мөнгө тараах, сонгогчдыг зөөх, техникийн саатал үүсгэх, санал хураалтыг тасалдуулах зэрэг будилаантуулах арга хэрэглэсэн. Тавдугаарт, төрийн албан хаагчид, төрөөс халамж авдаг иргэдийг амьжиргаагаар нь барьцаалсан. Тухайлбал, сурталчилгааны явцад төрийн албан хаагчдыг уулзалтад албадан суулгах, цагийг нь бүртгэх, ирээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцох зэргээр дарамталсан. Цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүртэл хязгаарласан” гэв.
Бэлтгэсэн Н.Ган