Сонгуулиар олонх болсон МАН-ынхан Засгийн газрын бүтэц, УИХ-ын удирдлага болон намын шийдвэр гаргах түвшинд хэн, хэнийг тавих вэ гэдгээ тохирсон бололтой. Ингэхдээ үргэлжлүүлэн эрх барих намын дарга Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын танхимын одоогийн бүрэлдэхүүнийг нэмэхгүй, гэхдээ АН-д зургаа, ХҮН намд нэг сайдын суудал өгнө гэж тохиролцсон, нам доторх бүлэг, фракцуудад сайдын суудлыг хэрхэн хуваахаар зорьж байгаа тухай мэдээлэл ч түглээ. Ийм “урилга” илгээснийг АН-ын зарим гишүүн батална лээ. Цаашлаад АН-ын дарга Л.Гантөмөрийг Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилно гэх мэтээр нэр ус, албан тушаалаар нь оноон, хуваарилж байгаа сурагтай.
Ямартай ч Ардын намынхан дангаараа Засгийн газраа байгуулах бүрэн боломжтой ч танхимдаа орж, хамтарч ажиллах саналыг УИХ-д суудал авсан дөрвөн нам, эвслийн хоёрт нь тавьж. Тэдний хувьд эл “урилга” нь шинэ биш.
Сонгогчдоос өгсөн итгэл найдвар, олонх, цөөнх гэж хуваасных нь хэрээр таарсан эрх мэдлээ хэрэгжүүлж, тохирох үүрэг, хариуцлагаа үүрэх ёстойг Ардын намынхнаас илүүтэй АН-ынхан ойлгох учиртай.
Тэгээд ч тавьсан саналаа тулгах шахам гүйцэлдүүлээд, наадмаас өмнө хамаг “том” томилгоонуудаа хийж, Засгийн газраа тохинуулчхаад тал тал тийш тарах гэж яарч буй. Харин үүнийг нь хүлээж авах, эсэх, олонх болсон намын “хөнжил”-д хөлөө шургуулах уу, үгүй юү гэдэгт АН болон ХҮН намынхан ямар хариу барих нь хамгийн их анхаарал татаж байна. Ялангуяа АН-ынхан Ардын намынхны аманд орж, алдаагаа давтах, эсэхийг нь харах учиртай. АН-аас нэр дэвшин сонгогдсон Ч.Лодойсамбуу өчигдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсны дараа хэвлэлийнхэнд энэ талаарх байр сууриа илэрхийлэхдээ “МАН, АН-д эвссэн туршлага хангалттай бий” хэмээн мушилзаад, “Хамтарч, эвссэний үр дүнд МАНАН гэх ойлголт л үлдсэн. Хамтарч хулгайлж, авлигын схем зохиосон. Өнгөрсөн парламентын үед зохион байгуулсан сонсголуудын үеэр би, чи гэж талцсан нь ч үүнтэй холбоотой. Шинэ МАНАН үүсгэж болохгүй” хэмээнэ лээ.
Үүнээс өмнөх хоёр удаагийн сонгуулиар (2016, 2020 он) МАН үнэмлэхүй олонх болж, парламентын бүрэлдэхүүний 80-аас дээш хувийг дангаар бүрдүүлснийг мартаагүй буй за. УИХ-ын 2008 оны сонгуулиар МАХН буюу одоогийн МАН 45 суудал авсан ч дангаар бус, хамтарсан Засгийн газар байгуулж, “стандарт бус” хэмээн тодорхойлсон. МАХН-ын дарга С.Баярын тэргүүлсэн эл Засгийн газарт 28 суудалтай АН-аас Н.Алтанхуяг Тэргүүн шадар, Л.Гансүх Байгаль орчин, аялал жуулчлалын, Л.Болд Батлан хамгаалахын, С.Баярцогт Сангийн, Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын, С.Ламбаа Эрүүл мэндийн сайдаар ажилласныг сануулъя. “Стандарт бус” Засгийн газрын тэргүүнээр жил гаруйн хугацаанд ажилласан С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар албаа өгч, С.Батболд Ерөнхий сайдаар томилогдоход ч АН-аас дээрх хүмүүс танхимд нь үргэлжлүүлэн суусан бөгөөд сонгуулийн жил гармагц буюу 2012 оны нэгдүгээр сард эрх баригчдыг орхисон юм.
Харин УИХ-ын 2012 оны сонгуулиар АН 35 суудал авсан тул есөн гишүүнтэй МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, хоёр суудалтай ИЗНН-тай хамтран Засгийн газраа байгуулж, тэргүүнээр нь Н.Алтанхуяг ажилласан. Энэ үед 27 гишүүнтэй МАН Засгийн газрын гадна үлдэж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн ч 2014 оны сүүлчээр Н.Алтанхуягийг огцруулан, дараагийн Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллахдаа Ардын намынхныг танхимдаа урьсан юм. Тус Засгийн газарт У.Хүрэлсүх Шадар сайд, Ж.Мөнхбат Хэрэг эрхлэх газрын дарга, Д.Цогтбаатар Барилга, хот байгуулалтын, С.Чинзориг Хөдөлмөрийн, Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажилласан ч тэд есөн сарын дараа АН-ынхнаас зам салсан билээ. АН, МАН-ын аль аль нь эвсэх, хамтрах нэрээр нүдээ аниж, сөрөг хүчний орон зайг үгүй хийсэн түүх энэ буюу.
Чухам эндээс МАНАН үүсэж, хэн хэнийхээ хийсэн хулгай, луйврыг харсан ч хараагүй мэт хав дарсаар өнөөдрийг хүрлээ. Хамтарч, эвссэн нэрээр нэг “малгай” дор явсан үе бий учраас хулгайчийг илрүүлж, хэргийн эзнийг нэрлэх гэхээр бие бие рүүгээ чихэж, бухаад байгаа юм. Сүүлийн найман жилийн турш эрх барьсан МАН-ын үед баахан хулгайг ил “болгож”, бүх зүйлийн буруутнаар АН-ынхныг нэрлэж зүрхэлсэн нь ч үзэл баримтлалаа үл тоон эвссэн он жилүүдийнх нь золиос гэж хэлж болно. Иймд ардчилсан парламентын зарчмаар цөөнх нь цөөнх шиг байж сөрөг хүчний дуу хоолойг илүү хүчтэй илэрхийлэх ёстой. АН бол шинэ парламентад эрх баригчдын буруу бодлогыг хязгаарлаж чадах хамгийн том хүч. ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийнхэн бүлэг байгуулж чадахгүй тул Ардчилсан намынханд найдахаас өөр сонголт үгүй. Тэгээд ч өмнөх УИХ-д үйлчилж байсан хуралдааны дэгтэй харьцуулбал бүлэгтэй намд бурууг сөрөх боломж нь их.
Үнэндээ 2016 оноос хойш хоёр дараалан навс ялагдсан АН-ынхан энэ удаагийн сонгуулийн өмнөхөн л эв зүйгээ ололцож эхэлсэн. Одоо ч хараахан цул болчхоогүй л байна. Ийн дотроо учраа олохгүй зүдэрч явахдаа тэд сөрөг хүчний үүргээ бүрэн умартсанаас төрд хяналт алдагдсан. Өнгөрсөн парламентад 10 гаруйхан байсан суудлаа сая бараг дөрөв дахин нэмсэн нь тэдний сайных биш. Сонгогчид сөрөг хүчингүй төрөөс айж, хяналт хэрэгтэй байгааг бие, сэтгэлээрээ мэдэрсэн учраас л тэдэнд найдсан. Иргэдийнхээ итгэлийг нь хөсөрдүүлж, эрх баригчдын саналыг хүлээж авах юм гэж үү. Кампанит ажлын үеэр эрх баригчдыг шүүмжилж, тэднээс өөрөөр ажиллахаа зарлан, сонгуулийн дүн гарсны дараа ч Ардын намынхныг сөрж, хурцалж зүтгэхээ мэдэгдсэнээ хэдхэн хоногийн дотор мартаагүй л байлтай.
Олонх болсон нь ч олонх шиг байж, ямбаа ч, ялаа ч эдлэх ёстой. Ардын намынхныг олонх болгосон ард иргэд ч тэднийг өөр, бусад нам, эвслийнхнийг урьж, залаадах гэж сонгоогүй. Өөрсдийнхөө сайнд бус, өрсөлдөгч нам нь, сөрөг хүчин нь сулбагар байсан орон зайд л тэд тодорсон. Өмнөх амжилтаа ахиулах нь битгий хэл, бууруулсан нь үүнийг батална. Тэгээд ч өнгөрсөн болоод өнөөгийн эрх баригчид хэдхэн хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ биднийг сонгоод өг, үргэлжлүүлээд ажилламаар байна хэмээн алхам тутамдаа хэлж явсан шүү дээ. Сонгогчдоос өгсөн итгэл найдвар, олонх, цөөнх гэж хуваасных нь хэрээр таарсан эрх мэдлээ хэрэгжүүлж, тохирох үүрэг, хариуцлагаа үүрэх ёстойг Ардын намынхнаас илүүтэй АН-ынхан ойлгох учиртай. Тийм биш бол сонгууль хийх ч хэрэггүй. Олонх болсон нь дангаараа Засгийн газраа байгуулдаг нэгэнт тогтсон жишгийг мэдсээр атал эвдэж, “стандарт бус” хэмээн тодотгон байж хамтарч, эвссэнээр хариуцлага, хяналт алдагдсанаас өөр ямар үр дүн гарав.
Үнэндээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийнхөө үрээр хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй, тогтвортой ажилласан Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ. Юуг ч хийх хүч, боломж тэдэнд байсан уу гэвэл тийм. Ирэх дөрвөн жилд ч тийм л байна. Ямар ч улстөржилтийн ард бүдрэлгүй гарах бяр байгаагийн хэрээр тэр туршлага суусан байх учиртай. 126 гишүүнтэй парламентад намынх нь 68 хүн сууж, талаас илүү буюу 54 хувийнх нь дэмжлэгийг атгаж буй намын даргад өрөөл бусдын санал бус, тэдний дууг хорьж, дуугүйхэн толгой дохихоос өөр замгүй болгох нь л чухал.
Тиймээс ч гурав дахь удаагаа дараалан олонх болсон намын дарга Л.Оюун-Эрдэнээс өөр хэн ч байсан ийм л заль гаргана шүү дээ. Тэгээд ч эрх баригчид чухам ямар том ажил, бүтээн байгуулалтыг хийхэд гарцаагүй эвсэж, хамтрах нь чухал гээд байгаа нь ч тодорхой биш байна. Тиймээс л өнгөрсөн найман жилд намынхнаараа, дангаараа хийж чадаагүйгээ АН-ынхантай хамтарч байж ард нь гарна гээд буй нь үнэмшилгүй сонсогдох юм. АН-ынхан ч найман жил гудамжинд байсны дараа олдсон энэ боломжоо хүчтэй сөрөг хүчний байр сууриндаа хадгалж, нэг намын дарангуйлсан цаг хугацааг буцаан байранд нь тавих учиртай.