Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны долдугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.
Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав.
Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон намын төлөөлөл, ард түмний төлөөлөл, хамгийн олон эмэгтэй гишүүдээс бүрдэж чадсаныг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслүүд сонгуулийн үеэр өрнөсөн маргаан, талцлыг умартаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байж, ажлаа хийх цаг ирснийг сануулав.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хамгаалахын төлөө харилцан ойлголцлыг чухалчилж, урагшаа харж ажиллахыг захилаа. Уулзалтад Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Иргэний зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.
Маргааш хуралдах анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
- шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
- Улсын Их Хурлын даргыг сонгох;
- нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
- Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
- Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
- Ерөнхий сайдыг томилох;
- Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
- Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
- шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.