Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шилдэг шийдлийг олох зорилготой хакатон наймдугаар сарын 26-30-нд болно. Өнөөдөр уг хакатоны бүртгэл эхэллээ.
Оролцогч багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан бизнесийн загваруудыг боловсруулахаараа онцлог. Мөн оролцогчдод хакатоны менторууд технологи хөгжүүлэлт болон бизнесийн үйл ажиллагаа эрхлэх талаарх мэдээллийг өгч, дэмжих гэнэ. Бүтээлүүдийг чанар болон арилжааны боломж дээр үндэслэн шүүх аж.
Нээлттэй мэдээллийн портал дахь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үзүүлэлт, эсвэл ЭМЯ-наас хакатонд зориулан тусгайлан бэлтгэсэн мэдээллийг заавал ашиглах ёстой юм байна.
Тэргүүн байрын хоёр багийн бизнес үйл ажиллагааг 6500 ам.доллароор дэмжих нь. Хакатоны зохион байгуулагчаар ЦХХХЯ, ЭМЯ, ЖАЙКА ажиллаж буй бөгөөд тус байгууллагын хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Бэлтгэсэн А.Үүл