Багадаа дээс тоглож үзээгүй хүн бараг үгүй биз. Дээс, резин, чарта, тэвэг өшиглөх зэрэг тоглоом эргээд моодонд орлоо. Тэр ч бүү хэл, тэвэг өшиглөх тэмцээн, уралдааныг залуусын дунд олноор зохион байгуулах болсон. Эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, хөгшидгүй дээсээр хичээллэж байна. Дээсэнд үсрэх (дээсдэх) нь хүнийг тэсвэр тэвчээр, хурдтай болгохоос гадна зүрх, судас, тархины үйл ажиллагааг сайжруулдаг аж. Тиймээс тамирчдын үндсэн дасгалуудын нэг болжээ. Энэхүү дасгал нь хөл, өгзөг, мөр, хэвлий, гарын булчинд хамгийн их ачаалал өгдөг гэнэ. Мөн дээсний эргэлтийг тогтворжуулахад зөвхөн гарын бугуй, шуу төдийгүй биеийн дээд хэсэг буюу гар, мөр, нурууны булчин бүгд оролцдог байна. Тиймээс гүйлт болон бусад кардио (Энэ нь cardiovascular буюу зүрх, судасны систем гэсэн утгатай юм. Дасгал хийх явцад зүрх, судасны үйл ажиллагаа хамгийн идэвхтэй байгааг хэлнэ) дасгалуудтай харьцуулахад дээсэнд үсрэх нь бүх биеийн булчинг хөгжүүлдэг юм байна. Дээсээр хичээллэх гэж буй хүмүүс хэт илүүдэл жинтэй байж болохгүй. Учир нь дээс нь өвдөгний үе, мөч, нуруунд их ачаалал өгдөг тул гэмтэх магадлалтай. Мөн дасгалаа хийхдээ тусгай гутал өмсөж, зөөлөн гадаргуу дээр үсрэх хэрэгтэй.
Дээс тоглох нь эрүүл мэндэд олон талаара ч тустай гэж үзэх болсон. Энэ чиглэлээр өвөрмонгол оюутнууд судалгаа хийж буй аж. Ялангуяа биеийн тамирын багш, дасгалжуулагчаар сурч буй оюутнууд, тамирчид идэвхтэй хичээллэдэг юм байна. Дээсэнд үсрэхийг спорт гэж үздэг бөгөөд энэ талаар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спортын тэнхимийн багш Б.Бат-Отгоноос тодруулсан юм. Тэрбээр “Орчин үеийн дээсэнд үсрэх спортыг эртний Грек улсаас гаралтай гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Олон улсын дээсэнд үсрэлтийн анхны холбоог АНУ-ын Ричард Кендали гэх хүн 1983 онд үүсгэн байгуулжээ. Дээсэнд үсрэх нь бие бялдрын хөгжилд ямар чухал болохыг тэрбээр өөрийн туршлагад үндэслэн олж мэдсэн байна. Биеийн тамирын багш Кендали суралцагчдыг дээсэнд үсрэх дасгалуудыг хөгжилтэйгөөр гүйцэтгүүлснээр хөдөлгөөний эвсэл, тэсвэрийн чадавхыг нь хөгжүүлэхэд ашиглажээ. 1993 онд Шведэд дээсэнд үсрэлтийн Европын холбоог байгуулсан бөгөөд үүнээс хойш олон орны үндэсний холбоо нэмэгдсэн. Тэр ч бүү хэл, Ази тивээс Энэтхэг, Сингапур, Малайз зэрэг улс дээсэнд үсрэлтийг үндэсний их баяр наадмынхаа албан ёсны арга хэмжээнд оруулдаг. Дээсэнд үсрэх дасгалуудыг биеийн тамирын хичээлд суралцагчдын бие бялдрыг хөгжүүлэх хэрэглэгдэхүүн болгон ашиглаж ирсэн. Энэ нь улам боловсронгуй болсоор дэлхий даяар хүн амын эрүүл мэндийг дэмжих, бие бялдрыг хөгжүүлэхэд ашиглаж байна. Бүх насныхан дээсээр хичээллэх боломжтой. Илүү гүнзгийрвэл хөгжим, бүжиг, гимнастик, тулааны урлаг болон бие бялдрын бусад ур чадварыг дээсэнд үсрэх дасгалуудтай хамт хийдэг. Хурд, хүч шаардсан хүнд, төвөгтэй элементийг хослуулснаар бие бялдрыг хөгжүүлэх, сэтгэлийн баяр баясгалан болон өрсөлдөөнийг бий болгодог” гэв. Мөн тэрбээр дээсэнд үсрэхийн агуулга, төрөл, хэлбэрийг өөрчилж, баяжуулсаар буйг дуулгасан юм. Тухайлбал, богино, урт дээсээр ганцаараа, хосоороо, гурвуулаа, бүлгээрээ“тоглож” болдог аж. Дээсээр тогтмол хичээллэх нь тэсвэр, хурд, хөдөлгөөний хэмнэл, орон зайн баримжаа, бүтээлч чадваруудыг хөгжүүлдэг байна. Гэхдээ зөв техникээр үсрэх нь маш чухал. Өөрт тохирсон дээс сонгох, шаардлага хангасан гутал өмсөхийг мэргэжилтнүүд зөвлөсөн. Мөн долоо хоногт 2-3 удаа дээсээр хичээллэх нь тохиромжтой гэнэ. Ингэхдээ тухайн хүн өөрийн ачаалал даах чадвараас шалтгаалан 15 минутаас нэг цаг гучин минут хүртэл хичээллэж болно.
Ташрамд дуулгахад, 1996 онд Дэлхийн дээсэнд үсрэлтийн холбоог байгуулсан түүхтэй аж. Одоогоор дээсний олон улсын холбоо хоёр байдаг бөгөөд тус тусдаа ДАШТ зохион байгуулдаг гэнэ.