Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн аялал жуучлалын гол маршрутуудын нэг Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлд тавьж буй хатуу хучилттай 5.5 км авто замын ажлыг энэ долоо хоногт дуусгах товтой байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.
Эл чиглэлд зам тавих ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2023 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл, материалын нийлүүлэлтээс болж тодорхой хугацаанд саатсан юм. Тэгвэл энэ жил Үндэсний их баяр наадам, жуулчлалын оргил ачааллын үеэс урьтан ашиглалтад оруулахаар яаравчилж буй гэнэ. Замын хучилтын ажил өдгөө 50 хувьтай байгаа бол үлдсэнийг нь энэ долоо хоногт гүйцээх нь.
Хатгал-Хүзүүвчийн шилийг авто замаар холбосноор орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тэрчлэн тухайн орчноос үүсдэг тоос, тоосонцрыг бууруулж, нуурыг бохирдохоос сэргийлэх нөлөөтэй юм. Ташрамд дурдахад, тус чиглэлийн 5.5 км замд цэвдгийн гэсэлтээс сэргийлэх шинэ технологи буюу хязгаарлагч гео торлог, нэхмэл ашиглаж буйгаараа онцлогтой.