Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар өнгөрсөн долоо хоногт уулзаж, санал солилцов. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын 37 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдаагүй хүүхдийн эрхийн бусад асуудлыг анхаарч ажиллах, уралдаанч хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэг сэдвээр талууд ярилцсан юм. Статистик мэдээнээс харахад бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд буурчээ. Харин хагас өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо өссөн байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтныг дүүрэг, аймаг, сум бүрд ажиллах зохицуулалт тусгагдсан, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч буйг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир хэлэв. Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ХЭҮК-оос зохион байгуулах мониторинг, дүн шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Зарим тохиолдолд долоон нас хүрээгүй хүүхдээр морь унуулах, уралдаанч хүүхдийг бүртгүүлэхгүй гэх гомдол, саналыг уяачид гаргадаг аж. Уралдаанч хүүхдийн даатгалын мөнгөн тэтгэмж хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээнд зориулагдсан, эсэхийг холбогдох газрынхан нь судалж, шинжлэх юм байна.