Улс орон даяар нийт 2198 санал авах байр ажиллаж байна. Үүнд дотоодын 30 мянган ажиглагч хянаж байгаа бол 12 улсын 27 сэтгүүлч Монгол Улсын парламентын сонгуулийг сурвалжилж байгаа юм. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ удаад сонгууль сурвалжлах мандатгүй бөгөөд ажлын үнэмлэхээрээ чөлөөтэй сурвалжлах эрхтэй. 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 20 гаруй хувьтай байна. Монгол Улсад санал өгөх нийт 2.224.233 иргэн бий.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан, Казахстан Улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Асылбек Смагулов, Узбекистан Улсын Сонгуулийн төв комиссын дарга Зайниддин Низамходжаев, Киргиз Улсын Сонгууль, ардчилсан санал асуулга зохион байгуулах төв комиссын дэд дарга Айсулуу Букамбаева, Филиппин улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Аймээ П.Фэролино, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Александр Борисович Курдюмов нар ирсэн.
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан “Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд гадаадад байгаа иргэдээ оролцуулж саналыг нь авсан нь тэдний сонгох эрхийг хангасан үйл явдал гэж дүгнэж байна. Гадаад улсад байгаа сонгогчид ч маш идэвхтэй саналаа өгчээ. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо 120 гишүүн оронтой тэдний 100 орчимд нь сонгууль болж байна. Бидний хувьд Монгол Улстай хамтран ажиллахад таатай байдаг” гэлээ.