Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-тай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав. Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Вьетнам Улс нь Монгол Улсын Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь чухал түнш гэдгийг онцлоод хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэжээ.
Тэрбээр мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд Элчин сайдыг онцгойлон анхаарч ажиллахыг хүсэж, түүнд ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд Нгуен Дуан Тань Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа тэмдэглэв.