Налайх, Багануур, Багахангай дүүргийг нэгтгэсэн 13 дугаар тойрогт 31 хүн өрсөлдөж байна. Хоёр мандаттай тус тойрогт бие даагч алга. МАН-аас Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарыг нэр дэвшүүлжээ. Налайхаас сонгогдсон С.Амарсайханы онцгой байдлын салбарт хийсэн онцлох ажлыг нэрлэж чадахгүй нь. Харин ч эл салбарын ослууд түүний үед тасарсангүй. Цар тахлын үед хөл хорьсон бүсэд эхнэртээ ээж, аавыг нь эргэх зөвшөөрөл өгсөн нь иргэдийн эгдүүцэл, зэвүүцлийг төрүүлсэн гэх зэргээр түүний талаар шүүмжилж болно. Багануураас сонгогдсон Ц.Сандаг-Очирын хувьд хууль зүйн асуудлаар түлхүү байр суурь илэрхийлдэг ч шинэ гишүүн хэвээрээ үлдэх шиг, үйл хэргээрээ тэгтлээ танигдсангүй.
Алслагдсан жижиг дүүргүүд болоод ч тэр үү АН-аас ч аятайхан хүн дэвшүүлсэнгүй. “Зэс эрдэнийн хувь” компанийн ТУЗ-ийн дарга, АН-ын дотоод зөрчил ид хурцдаж байхад С.Эрдэнэд тайзан дээр халдсан танхай этгээд Д.Алтанхуягаас өөр хүн эл намд олдоогүй бололтой. Нөгөө нэр дэвшигч Г.Цамбагаравын талаар Багануур дүүргийн АН-ын дарга гэхээс өөр мэдээлэл алга.
Үндэсний эвслээс нэр дэвшүүлсэн С.Цогзолмаа нь банк санхүүгийн салбарын төлөөлөл болохыг тэргүүн нь онцолж буй бол ХҮН намаас эмч Б.Энхмаа, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Мөнхдөл нар өрсөлдөх нь. Б.Мөнхдөлийн хувьд уг намыг байгуулагдах үеэс үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тууштай дуугарч ирсэн активист билээ. Тэрбээр өмнө нь мөн тус тойрогт нэр дэвшиж байсан юм.