Сонгинохайрхан дүүрэг буюу 11 дүгээр тойрогт 85 хүн өрсөлдөж байгаагийн тав нь бие даан нэр дэвшигч. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Соёлын сайдаар томилогдохоосоо өмнө “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номин УИХ-ын гишүүд болон сайд нарт төмс тараасан нь түүний ёс зүйг хэмжсэн хэрэг байв. Ч.Номин хувийн телевизийнхээ ажилчдад олигтой цалин өгдөггүй гэх шүүмжлэл нь соёлын салбарт ч өрнөсөн бөгөөд өнөөгийн эрх баригчдын өнгөрсөн сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн онцлох амлалт болох Соёлын яамыг байгуулсан ч олигтой удирдаж чадаагүй. Аавынхаа нутгийг бараадан Говь-Алтайд нэр дэвшихээр горилж байсан түүнд олдсон тойрог нь Сонгинохайрхан юм.
Халаагаа өгөх гэж буй парламентад нөхөн сонгуулиар морилсон гишүүн Э.Батшугар ээлжит сонгуульд өрсөлдөж байна. Өмнө нь хэд хэдэн удаа нэр дэвшсэн туршлагатай түүний хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрх хүү гэх хочгүйгээр хүч үзэх гэж хичээж буй анхны сонгууль ч гэж хэлж болно. Гэхдээ тэр УИХ-ын гишүүн болчхоод энэ нэрнээсээ салахаар сайн ажилласан гэж хэлэхэд хэцүү. Мөн “уламжлал” ёсоор Засаг даргыг нь Сонгинохайрханд сойсон бөгөөд Н.Алтаншагай нь өнгөрсөн орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-д МАН-аас сонгогдсон нэгэн. Тэрбээр 2017-2018 онд тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байж. Тэгвэл С.Батболдын тэргүүлсэн Засгийн газарт Эрүүл мэндийн сайд байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан, мөнгө угаах замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн шалгуулж, шуугиан тарьж байсан Н.Хүрэлбаатар эрх баригч намын нэр дэвшигчдийн рейтингэд сайнаар нөлөөлөх нь юу л бол.
Үүнээс гадна нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын орлогч П.Сайнзориг нэр дэвшиж буй. Түүнийг сайн хуульч гэх юм билээ. Өөрийгөө ч “Сайн хуульч Сайнзориг” хэмээн сурталчилж яваа. Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвшихдээ хуулийн төсөл бичих, боловсруулах ажлыг нугалдаг байсныг нь хэлэх хүн олон. Гэхдээ тэр яамаа орхиж, Х.Нямбаатарыг дагаж нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очсоноор аж ахуйн ажилтай зууралдаж, аар шаархан асуудлаар хэрүүл хийн, хэл хурц нэгэн болохоо харуулж явна. Эрх баригч намын нэр дэвшигчдийг энэ мэтээр сонжвол сонгож, “шилээд” Сонгинохайрхан руу илгээчхээгүй байлтай гэж бодогдож буйг нуух юун.
Таван хүнийг сонгох ёстой тус тойрогт АН-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвшиж буй. Мөн “Кинг таур” хотхоныг үлгэр жишээ авч явж буй СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр, комедиан, АН-ын даргын зөвлөх Н.Амаржин, нийгмийн сүлжээнд “элийрэгч” нэрээрээ алдаршсан Ц.Уянга зэрэг өөр өөрийнхөөрөө олонд танигдсан залуус бий. Тэдний сурталчилгаа ч баригдмал бус, нэгэнт тогтсон хэв маягийг эвдэж байгаа нь сонирхолтой аж. Нэр дэвшигч П.Галиндэв нь өнгөрсөн сонгуулиар намын дарга С.Эрдэнэтэй эвдрэлцэж, Баянгол дүүрэгт бие даан өрсөлдөж байв.
Үндэсний эвслээс эрүүл, зөв хооллолтын зөвлөх багш Н.Бүрэнбат, “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөний нарийн бичгийн дарга Б.Энхнаран, Үндэсний хүнд аж үйлдвэрийн зөвлөлийн тэргүүн, зөвлөх инженер Ц.Бээжин нарыг нэр дэвшүүлжээ. Үндэсний үйлдвэрлэгч “Экскльюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг, өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, “Тоз чикен” компанийн захирал Г.Батзориг, “Эл энд Эйч констракшн” компанийн гүйцэтгэх захирал Ч.Баярсайхан нар ХҮН намаас өрсөлдөж байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг тараах, хүүхдийн 100 мянган төгрөгийг хэвээр үлдээх зэрэг олон асуудлаар шаардлага тавьж, хэвлэлийн хурал, жагсаал зохион байгуулдгаараа танигдсан Г.Хажидмаа ИЗНН-аас өрсөлдөж буй бол Шинэ нэгдсэн эвслээс өмгөөлөгч Н.Баттогтох нарын таван хүн нэр дэвшжээ. Үүнээс гадна Иргэдийн оролцооны нэгдэл намаас “Сараана” байгаль хамгаалах сангийн захирал, экологич И.Сарангэрэл, Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар нарын таван хүнийг сойжээ. Харин “тэмцэгч”-ийн дүрээр илүүтэй танигдсан Б.Цэгмэд бие даан өрсөлдөж байна.