Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
Зүүн гурван аймаг Дорнод, Сүхбаатар, Хэнтийн зургаадугаар тойрогт улс төрийн 17 нам, эвслийн 72 нэр дэвшигч, дөрвөн бие даагч буюу 76 хүн өрсөлдөж байна. Энэ бүсээс долоон хүнийг УИХ-д сонгох ёстой бөгөөд АН, МАН-аас бусад нь үүнээс цөөн нэр дэвшигч илгээж. Эрх баригч намынхныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж байгаа нь МАН-ын болон лидерийнхээ нэр хүндэд дулдуйдан багаараа сонгогдчихно гэх итгэл төрүүлж, харц дээгүүр, маадгар алхуулж буй бололтой.
МАН-ын нэр дэвшигчдийн дунд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр бий. Өнөөгийн Төрийн тэргүүнийг Хэнтий, Сүхбаатар аймгийнхны аль аль нь “манай нутгийнх” хэмээн өөриймсдөг. Монголчууд сонгуулиар санал өгөхдөө ч нутгархах “дуртай” учраас энэ нь У.Отгонбаярын хувьд давуу тал юм. 2021 онд ахыгаа Ерөнхийлөгч болсны дараа Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдоход нь түүнийг ирэх сонгуулиар нэр дэвших тойргоо ониллоо гэлцэж байсан нь ийн биеллээ олов.
Сонгуулийн жил гарахаас өмнөхөн эрх баригчид тойргийг томсгож хуваасан бөгөөд тэрбээр сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө Ерөнхий сайдын бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх “гуншин”-тайгаар зүүн гурван аймгийг тойрсон юм. УИХ-ын гишүүн П.Анужингийн хувьд ааваараа тал татаж тийш зүглэсэн биз. Түүний төрсөн эцэг нь Сүхбаатар аймгаас нэг бус удаа УИХ-д сонгогдсон Р.Буд. Гишүүн П.Анужин өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон ч тойргоо сольсон нь олон хүнд таалагдсангүй. Ямар сайндаа л Сүхбаатар аймагт очиход нь орон нутгийнхан хамгийн сүүлд хэзээ ирснийг нь асуухад “Аавынхаа адуун дээр, аймагтаа нэлээд их ирдэг. Аав, адуу минь нутаг усандаа байдаг учраас ирэлгүй яах вэ. Маш их ирдэг” гэхээс өөрийг хэлээгүй байна лээ. Өрсөлдөж буй тойрогтой нь холбож өнгөц мэдээлэл өгөхөд ийм байна. “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг хөтөлж, мацаг барьдаг үндэстэн болъё гэж бүгдэд уриалж “од” болсон тэрбээр төрийн эрх барих дээд байгууллагад түмэн олноо төлөөлж ажиллахдаа тодорч, гялалзсан нь юу л бол. Харин ч түшээдийн өмсөх дээлийн торгоны хээг хуульчилна хэмээж, хүүхдийн хоолны төсвийг 600 төгрөгөөр нэмүүлснийхээ төлөө авсан “талархал”-аа гайхуулан, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх төслийг өргөн барихад холион бантан хутгасан зэргээр зэмлэл, шүүмжлэл хүртсэн нь иргэд, сонгогчдын ой санамжид илүү тод үлдсэн болов уу.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тус тойрогт нэр дэвшиж буй. Хэнтий аймагт төрж, өссөн, Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхад, бас Ерөнхий сайдаар томилогдоход ч зөвлөх нь гэж дагасан. Мөн намын дарга болоход нь Улс төрийн бодлогын газрын даргаар томилогдон, МАН-ын дэргэдэх Оюутны холбоог удирдсан тэрбээр 2022 оноос дэд сайдаар ажилласан юм. Төр барилцах гэсэн түүний түүх, замнал гэвэл үндсэндээ энэ. Тунгаан бодож сонголтоо хийнэ биз ээ. МАН-ын нэр дэвшигч М банкны гүйцэтгэх захирал Л.Соронзонболд Дорнод аймгийнх. Тус намаас жагсаалтаар нэр дэвшигчдийн есдүгээрт буй “шарк” Д.Энхтүвшингийн багын найз, үндэсний бөхийн “Дорнын хүчтэн” дэвжээний тэргүүн асан, аймгийнхаа Нутгийн зөвлөлийн дарга, “Зүүн бүсийн хөгжлийн судалгааны төв” зэрэг байгууллагыг удирдаж, М банкнаас гадна “Хас”-ыг үүсгэн байгуулалцсан гэх мэтээр түүнийг тодотгож болно. Мөн Дорнод аймгийн Засаг даргаар сүүлийн найман жилийн турш ажиллаж буй М.Бадамсүрэнг энэ удаа МАН-аас нэр дэвшүүлжээ. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Идэрбат дахин өрсөлдөх нь. Тэрбээр У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа нөхөн сонгогдсон ч хууль тогтоогчийн хувьд тэгтлээ танигдаж чадаагүй билээ.
АН-ынхныг Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүн Н.Ганибал тэргүүлжээ. Тус аймагт сүүлийн найман жилийн турш тэд олонх болж, удирдсан ч өмнө нь зүүн бүсийн хэмжээнд “улаан” өнгө давамгайлж ирсэн. Энэ удаагийн парламентад шинэ гишүүн болж орж ирсэн түүний хувьд хууль “авторлах” хэмжээнд ажилласангүй. Харин ч гишүүн Ш.Адьшаагийн хамт Цэцэд мэдээлэл гаргаж, Засгийн газар дахь “давхар дээл”-тэй байж болох сайдын тоог дөрвөөр хязгаарласан Үндсэн хуулийн заалтаас буцахад хүч нэмсэн нэгэн. Түүнтэй хамт нэр дэвшиж буй АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан өнгөрсөн сонгуулиар Хэнтий аймагт өрсөлдсөн бөгөөд өвөө, эмээгийн минь нутаг хэмээн элгэмсдэг. Баянгол, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ашигт малтмалын газар, Эрчим хүчний зохицуулах хороонд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оноос Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлжээ. Чухам энэ үеэс УИХ-ын гишүүн болох түүний “бие халаалт” нь эхэлсэн гэсэн үг. Хуульч, инженер мэргэжилтэй тэрбээр “Натур мед” уламжлалт, сэргээн засах эмнэлгийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга юм. АН-ын нэр дэвшигчдийн нэг С.Төмөрхүү нь Сүхбаатар аймаг болон эрчим хүчний салбарт нэлээд танигдсан нэгэн. Аав, ээж, ах, дүү нар нь төрөлх нутагтаа аж төрж, ажилсаг, хөдөлмөрчөөрөө хүндлэгддэг юм билээ. Тэрбээр Эрчим хүчний удирдах газарт монтёроос эхэлж, салбартаа тасралтгүй ажиллан, “Диспетчерийн үндэсний төв”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг удирдаж байж. 2020 оноос УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн зөвлөхөөр ажилласан юм.
Мөн УИХ-ын гишүүн агсан Ц.Шинэбаярын хүү Бямбасүрэн АН-аас нэр дэвшиж буй бөгөөд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч аж. Дорнодод 1996 оноос үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн бизнес “Найнги” компанийнхаа гүйцэтгэх захирал тэрбээр Англи, Австралид дээд боловсрол эзэмшжээ. Түүний найз Э.Төмөрбаатар мөн АН-аас өрсөлдөж буй бөгөөд Дорнод нутгийн уугуул, олон улсын тээвэр зуучийн “Хэттрик” компанийг үүсгэн байгуулагч гэнэ. Тус аймгаас өрсөлдөж буй Ш.Батдэлгэр нь буриад зоны төлөөлөл аж. Түүнчлэн нэр дэвшигч Д.Балдан нь дуурийн дуулаач мэргэжилтэй, Соёлын тэргүүний ажилтан цолтой. 2017 оноос Хэнтий аймгаас АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тэрбээр намын дэргэдэх залуучуудын холбооныхоо дэд ерөнхийлөгч юм. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байгаад нэр дэвших эрхээ авсан тэрбээр малын эм хангах нийлүүлэх “Дээд эрхэт” компанийг үүсгэн байгуулжээ.
Үндэсний эвслийн таван нэр дэвшигчийн нэг нь Ардын жүжигчин Н.Сувдын хүү, дуучин, хуульч, 2020 онднийслэлийнХан-Уулдүүрэгтбиедааннэр дэвшиж асан, Т.Бат-Оргил. Мөн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гадаад ажиллагсад хариуцсан мэргэжилтэн Э.Заягэгээ, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Эрдэнэбат нар тус эвслээс өрсөлдөж байна. Түүнчлэн паурлифтингийн дэлхийн аварга, аймгийн арслан Ш.Бямбатогтох тэдний нэг нь.
Цөөнгүй шинэ, бас муу зүйлд нэр холбогдоогүй хүмүүс нэр дэвшиж буй эл тойргоос тэд цойлж чадах уу.
ДОЛООДУГААР ТОЙРОГ: Хуучин улс төрчдөөс салж чадах уу
Говийн дөрвөн аймаг Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийг хамруулсан долоодугаар тойрогт 78 хүн өрсөлдөж байгаагийн хоёр нь бие даагч. Бусад нь 17 нам, эвслийн нэр дэвшигч бөгөөд МАН, АН, Иргэний хөдөлгөөний нам, ХҮН нам тус бүр долоон хүн сойжээ. МАН-аас Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар гэсэн таван гишүүн нэр дэвшиж байна. Хэнд нь ч дахин итгэл хүлээлгэхэд хэцүү. Бүгд л сайнаасаа илүү саар хэлүүлж ирсэн, байгаа үгүй нь мэдэгдэхгүй идэвхгүй гишүүн. Б.Саранчимэг гэхэд өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүргээс сонгогдсон ч тойрог солиод, нутгархаж яваа нэгэн. Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нарын аль аль нь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон ч өнгөрсөн дөрвөн жилд багагүй чих халууцуулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл хэмжээнд хэл аманд холбогдсон нь бий. Энэ удаа Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийг мөн нэр дэвшүүлж. Орон нутаг удирдаж байснаа давуу тал болгон парламентад сонгогдож байгаа хүмүүс олигтой сайн ажиллахгүй, олны хүлээлтэд хүрэхгүй байгааг сануулахад илүүдэхгүй болов уу. Нэр дэвшигч Ө.Золбаярыг сэтгүүлч, бас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч гэдгээр нь олон нийт андахгүй байж мэднэ. Тэрбээр өнөөгийн Төрийн тэргүүнийг Ерөнхий сайд байхаас нь хэвлэл мэдээллийг нь хариуцаж буй билээ.
АН-аас ч бас сэтгүүлч дэвшүүлсэн нь Л.Мөнхбаясгалан. “Цензургүй ярилцлага”-аараа танил болсон тэрбээр сонгуулиас өмнө “Гэргий” хэмээх цуврал нэвтрүүлгээ үзэгчдийн хүртээл болгож байв. Түүний нөхөр нь Говьсүмбэрийнх гэх агаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэдгээр нь иргэд, сонгогчид андахгүй биз ээ. АН-ын даргын орон нутаг хариуцсан зөвлөх, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар тус намын нэр дэвшигчдийг тэргүүлж байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг мөн сойсон бөгөөд тэрбээр УИХ-аас зохион байгуулсан “нүүрсний гэх” сонсголд гэрчээр дуудагдаж байв. Түүний орлогчоор ажиллаж байсан, ойрын хүн нь ч нэр дэвшиж буй. Тэр нь Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат юм. Тэрбээр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах байжээ. 2010-2020 онд аймгийнхаа Хаан банкны захирлаар ажиллаж, 2012-2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй сонгогдож. Ингээд Засаг дарга Р.Сэддоржийн уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болсон байна.
Нэр дэвшигч Р.Эрдэнэбүрэн нь 2004 онд “Эх орон-ардчилал” эвслээс Чингэлтэй дүүрэгт өрсөлдөн сонгогдсон бөгөөд тухайн парламентаар 68 хувийн татварыг батлахад хүчтэй эсэргүүцэж байсан нэгэн. Түүнчлэн тэрбээр төрөлх нутаг Дундговь аймгийн Гурвансайхан сумаа жишиг болгон хөгжүүлэхэд идэвхтэй оролцож яваа нэгэн. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхбат мөн нэр дэвшиж буй бол “Чойр-Од”, “Чойр хайрхан” зэрэг компанийг удирдаж байсан, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Л.Одсэр дахин өрсөлдөж байна. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар АН-аас Б.Наранхүүтэй хамт нэр дэвшээд, өвдөг шороодсон билээ.
Үндэсний эвслийн нэр дэвшигч О.Мөнхзаяа 2022 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлээр магистрын зэргээ хамгаалжээ. Ингэхдээ агаарын бохирдол, авлига хоёрын харилцан хамаарлыг судалсан нь сонирхолтой аж. Түүнчлэн олон улсын аялал жуулчлалын “Гранд серкл корпорац”-ын бизнесийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч юм байна. О.Мөнхзаяа нь “Амьдрал үзэсгэлэнтэй” номын зохиогч юм.
Тэгвэл ХҮН намаас Дорноговь аймгийн намын хорооны дарга, “Гэрэгэ и чаннел” компанийн гүйцэтгэх захирал Ж.Жамсрандорж, “HugMom” сэтгэл зүйн төвийн ерөнхий захирал Ч.Урангуа, “Си Эс Пи” компанийн ерөнхий инженер, Говьсүмбэр аймгийн ХҮН намын хорооны дарга Ф.Зоригоо, “Ай Си Ти” группийн мэдээллийн технологи хариуцсан захирал А.Отгонбаяр, Дундговь аймгийн намын хорооны дарга Ц.Гандолгор, “Шинэ пресс” компанийн захирал Ж.Оюунбаяр, “Жевел пөөрл консалтинг”-ийг үүсгэн байгуулагч Х.Номинсувд нарыг нэр дэвшүүлжээ.
ШИНЭН-аас өнгөрсөн сонгуулиар Дундговь аймагт өрсөлдсөн О.Ганбат энэ удаа ч говийн бүсэд нэр дэвшжээ. Ингэхдээ МУНН, ШИНЭ намын Шинэ нэгдсэн эвслийн нэр дэвшигчдийг тэргүүлсэн байна. Эл эвслийн зургаан нэр дэвшигчийн нэг Л.Өсөхжаргал нь эмч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Чанарын албаны дарга, Ханбогд сумын эмнэлгийн эрхлэгч зэрэг албан тушаал хашиж байж. Харин нэр дэвшигч Н.Цэрэндавга нь малчин, уяач аж.
Түүнчлэн БНН-аас говийн бүсэд өрсөлдөж буй Б.Батбаяр нь дуучин С.Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” төслийн ерөнхий зохицуулагч юмбайна. Сонирхолтой нь, түүний албан ёсны фэйс бүүк хуудсанд өөрийнх нь гэхээс илүүтэй, С.Жавхлангийн сурталчилгаа хөвөрч байна. Магадгүй тэрбээр дуучин С.Жавхлангийн сонгуулийн штабыг говиос, эсвэл бүр дэргэдээс нь дагаж яваад удирдаж, дэмжиж ч байж мэдэх нь. С.Жавхлан нь тус намаас баруун бүсэд нэр дэвшиж буй билээ.