Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг ашиглалтад орууллаа. Тус төвийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нээн үг хэлэхдээ “Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна” хэмээн онцлов.
Түүнчлэн тус төвөөр дамжуулан ажилд зуучлуулахаас гадна ажил, мэргэжлийн баримжаа олгох сургалт, зөвлөгөөнд хамрагдаж, ажлын байранд дадлагажих боломжтой аж. Мөн ажил олгогчдод зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна оюуны бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулсан өдрийн болон хөдөлмөрийн сэргээн засах, судалгаа ба инновац, бизнес инкубаторын үйлчилгээ явуулах гэнэ.