Нью-Йорк хотноо 2024 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов.
Тус сонгуульд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын үндэсний зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2021-2024 оны гишүүн Д.Гэрэл дахин нэр дэвшиж, нууц санал хураалтаар олонхийн санал авч тус хороонд 2025-2028 онд үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй тус хороо нь 18 гишүүнтэй, 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүнээр ажиллах нэр дэвшигч нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зарчмыг баримталдаг болно.