УИХ-ын сонгуульд өрсөлдөх хуулийн шаардлагыг хангасан 1336 нэр дэвшигчид өчигдөр СЕХ-ноос үнэмлэхийг нь гардуулснаар албан ёсны сурталчилгаа эхлэв. Гэхдээ энэ тоонд Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр багтсангүй. Морьд барианаас гарлаа. Тэд өөр өөрсдийн бэлдсэн “гэнэтийн бэлэг”-ээ үлдсэн 16 өдөрт задална. Яагаад тухайн нам, эвслийг, мөн өөрийг нь сонгох ёстой талаар ухуулж, “гэгээрсэн” сайн хүний дүр бүтээх болно. 1336 нэр дэвшигчдийн дунд өмнө нь улс төрийн өндөр албан тушаал хашаагүй, нэр цэвэр, ёс зүйтэй, чадвар, туршлагатай хүн мэдээж олон бий. Толгой эргүүлэм хар, цагаан олон мэдээллийн дундаас тэр хүмүүсийг ялгаж таньж, онож сонгосноор тэд бидний ирэх жилүүдийн амьдралын чанарыг тодорхойлох юм. Ирэх дөрвөн жилд өвлийн хүйтэнд автобус хүлээн “зайрмаг” болтлоо зогсохгүй, амьдралынхаа ихэнх цагийг түгжрэлд үрэхгүй, агаарын бохирдолдоо хордохгүй тийм цагийг авчрах, эсэх нь бидний өөрсдийн сонголтоос хамаарч байна. Нэмээд улам бүр хумигдаж буй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хамгаалах уу, эсвэл ардчиллаа “оршуулах” уу гэдгийг ч шийднэ.
Энэ удаагийн сонгуульд оролцох сонгогчийн нэрийн жагсаалтад 2 238 005 хүн бүртгэгджээ. Гэвч таны эргэн тойронд “За санал өгч яадаг юм, юу ч өөрчлөгдөхгүйгээс хойш” хэмээн цааргалж буй хүн хэр олон байна вэ.
СОНГОГЧДЫН ИРЦ БУУРСААР ИРЖЭЭ
1992 оны анхны парламентын сонгуульд ирц 95.6 хувь байсан нь өнөөдрийг хүртэл эвдэж чадаагүй дээд түвшин юм. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, ардчилсан системийг сонгосны дараа шинэ Үндсэн хуулийн дагуу анхны парламентаа бүрдүүлсэн учраас тэр үед иргэд маш идэвхтэй оролцсон аж. 1996 онд сонгогчдын ирц 92.1 байсан бол дараагийн удаа 82.4 болж бараг найман хувиар буурав. Гэхдээ энэ нь ердөө эхлэл байсан юм. 2008 оны сонгуулийн дараа болсон “Долоодугаар сарын 1-ний хэрэг”-ийг монголчууд мартаагүй байх.
Сонгуулийг хууль бусаар луйвардлаа хэмээн иргэний хөдөлгөөнийхний эхлүүлж, иргэд өдөөсөн жагсаалын үеэр МАН-ын байрыг шатааснаар хурцадсан билээ. Жагсаал биш, олныг хамарсан үймээн болж, байдал хяналтаас гарсан тул онц байдал зарласан. Тэр шөнө таван залуу амиа алдаж, маш олон хүнийг баривчилсан. Маргааш нь хотын төвийн гудамжаар цусан толбо цоохортож, буутай цэргүүд хөлхөлдөж байсан юм даг. Яг л дайнтай улсад амьдарч буй мэт, аймшигтай. Эл сонгуулиар сонгогчдын ирц 76.4 хувь болж буурсан байлаа. Цаад утга учрыг нь ч бүрэн ойлгоогүй олон залуугийн цөс нь хөөрч тэр үймээнд оролцсон. Үнэндээ тэдний хэд нь улс төрийн сонгох эрхээ эдэлж, өнөөх зүхсэн намынхаа эсрэг санал өгч байсан бол.
Энэ явдлаас сургамж авч, дараагийн 2012 оны сонгуулиар монголчууд илүү идэвх гаргасан уу. Уг сонгуулиар МАН 26 гишүүнтэй болсноор эрх баригчийн суудлаас буусан юм. Гэхдээ нийт сонгогчийн 67.2 хувь нь саналаа өгч, АН-аас 34, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний зориг ногоон намаас хоёр, бие даагч гурван хүн сонгосон юм. Сонгогчдын ирц 1996 онтой харьцуулахад 28.4 хувиар буурсан аж. Өөрчлөх ёстой хэсэг нь саналаа өгөхгүй хойш суугаад байхаар үлдсэн нь чадлынхаа хэрээр зүтгээд л ийм үр дүн гарсан байх нь. Үүний дараах парламентын хоёр удаагийн сонгуулиар ирц 73 хувь болж бага зэрэг өссөн.
Сонгогчдын дунд 18-35 насныхан өндөр хувь эзэлдэг. Гэвч тэдний ирц дунджаас 2012 онд 26.2, 2016 онд 22.8, 2020 онд 9.6 хувиар доогуур байсныг судалгаа харуулж буй юм.
Залуусын сонгуульд оролцох идэвх буурахын хэрээр ахмадуудын саналын нөлөө хүчтэй хэвээр байгаа. Яагаад залуу үе улс төрд дургүй байгаагийн шалтгааныг улс төрийн намд итгэл алдарсантай холбодог аж. Мөн сонгуулийн тогтолцоо нь ирцэд нөлөөлдөг гэжээ. Олон улсын жишгээс харахад, пропорциональ тогтолцооны үед сонгогчдын ирц илүү өндөр байдаг аж. Өнөөдрийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж буй. 2012 онд манай улс анх удаа уг тогтолцоог хэрэглэхэд ирц 76 хувьтай байсан юм. Энэ удаа бүртгэлтэй сонгогчдын 21 хувийг 20-29 насныхан эзэлж байна. Эл хүрээг 20-иор хойшлуулж харвал 20-49 насныхан 67 хувь болно. Эл үеийнхэн би, чи гэлгүй сонгуульдаа идэвхтэй оролцож, өнгөрсөн жилүүдэд юу туулснаа марталгүйгээр өөрчлөх сонголт хийх нь чухал.
Хулгайч нарыг сонгочхоод бид наана нь мянга хашхираад үр дүн гарсангүй. Өрнөөс өрийн хооронд амьдрахаас иргэд залхаж байна. Дундаж цалин болох 300 ам.доллароо гар дээрээ бүтэн авч үзэх хүсэлтэй, “дундаж давхарга” гэдэг ангилалд орсон хэчнээн залуус байгаа гээч.
“МӨНГӨ ТАРААСАН ХҮНИЙГ СОНГОЧХООД ШУДАРГА ЁС БҮҮ НЭХ”
Эхлээд оролцох нь чухал байна. Үүний дараа зөв сонголт хийх гэж чухал сэдэв бий. УИХ-ын гишүүн асан, “Датаком”-ын Д.Энхбат “Бид их сонин хүмүүс. Боловсролгүй хүнийг сонгоод дараа нь эрдэм мэдлэг нэхдэг. Мөнгө тараасан хүнийг сонгочхоод шударга ёс нэхдэг. Хөдөлмөрлөж, зүтгэж үзээгүй хүнийг сонгоод сайн удирдагч байхыг хүлээдэг. Яагаад гэвэл бид эргэцүүлдэггүй. Өөрсдөө амьдралаа шийдэж буйгаа ухаардаггүй” гэжээ. Энэ бол үнэн. Увс аймгаас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-д тус бүр дөрвөн удаа сонгогдоод байна. Анхны сонгуулиас нь эхлээд л тэднийг мөнгө тарааж, санал худалдаж авч буй тухай гомдол, маргаан гарсан. Б.Чойжилсүрэнгийн туслахын мөнгө тарааж буй бичлэг тухайн үедээ нийгмийн сүлжээнд цацагдаж, эргэн тойрных нь хүмүүс ял авсан, харин тэр Төрийн ордондоо үлдсэн. Сонгууль бүрээр тэдэнтэй холбоотой ийм маргаан, мэдээлэл гардаг. Гэвч УИХ-д сонгогдсоор л байна. Тараасан мөнгийг нь авч, саналаа худалдсан увсчууд өнгөрсөн 16 жилд тансаг, хангалуун амьдарсаар ирсэн үү. Үгүй л болов уу. Тэд өнөөдрийн төлөө маргаашаа худалдаад сурчихаж, нөгөөдүүл нь ч энэ бохир аргадаа бүр мэргэшчихэж. Шүүх, хуульд ч дийлдэшгүй болсон байх юм. Ч.Хүрэлбаатар энэ удаагийн сонгуулиар мөн л мөнгө тараасан тухай Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын 12-14-нд Увс аймгийн төгсөгчдийн холбооны сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэр бүхий хүмүүс “Ч.Хүрэлбаатарыг дэмжээрэй” хэмээн тус бүр 100 мянган төгрөг тараасан тухай тэрбээр ярьсан юм. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж, хууль зөрчсөн хэмээн үзэж, хэсэг хүн Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 100 мянган хүний гарын үсгийг цуглуулснаа СЕХ-нд дарга П.Дэлгэрнаранд гардуулж өгсөн юм. Гэвч өчигдөр СЕХ түүнийг бүртгэж л орхив. Мөнгө тарааж саналыг нь авсан хүнээс увсчууд яаж шударга ёс нэхэх билээ. Мөн төрийн ажлын туршлагагүй ч аав, ээжийнхээ нэрээр парламентад “ногоон гэрлээр” орж ирсэн залуус цөөнгүй. Төгссөн, үгүй нь мэдэгдэхгүй баахан гадаад, дотоодын дипломтой хоосон толгойтнууд ч парламентад олон бий. Ийм хүмүүсийг сонгочхоод мэдлэгтэй, сайн удирдагч байхыг нэхэх хэцүү. Байхгүй юмаа тэд яаж өгөх билээ.
Бүрэн эрхээ дуусгаж буй парламентын гишүүдийн бараг тал нь гэмт хэрэг, хууль бус, ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон хүмүүс байлаа. Шоронгоос УИХ-д сонгогдсон Монголын анхны гишүүн Ж.Эрдэнэбат суллагдсаныхаа дараа буюу 2021 онд тангаргаа өргөсөн. Тэр үед чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэхдээ “Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу. Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж буй. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна шүү” хэмээн хэлж байсныг эргэн нэг сануулъя. 2020 онд бүрдсэн парламентад “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банкны болон “ногоон автобус”-ны гэх хэргээр тэдний холбогдсон хэргийн жагсаалт үргэлжилнэ. Гэвч шалгуулж байсан хүмүүсээс “нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг УИХ-аар түдгэлзүүлсэн. Т.Аюурсайхан ял шийтгүүлсэн бол Д.Бат-Эрдэнийн хэргийг эдүгээ прокурор хянаж буй. Нэр холбогдсон бусад гишүүн түрүүчээсээ УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшээд явж байна.
Хулгайч нарыг сонгочхоод бид наана нь мянга хашхираад үр дүн гарсангүй. Өрнөөс өрийн хооронд амьдрахаас иргэд залхаж байна. Дундаж цалин болох 300 ам.доллароо гар дээрээ бүтэн авч үзэх хүсэлтэй, “дундаж давхарга” гэдэг ангилалд орсон хэчнээн залуус байгаа гээч.
Тэгвэл ямар шийдэл байна. Хулгайч нарыг л сонгохоо больё. Хууль дийлдэггүй, даварсан хүмүүсийг сонгохгүй, өнөөдөр тарааж буй хэдэн төгрөгт нь хуурталгүй, ирэх дөрвөн жилд жинхэнэ дундаж давхаргын иргэн шиг амьдрахын тулд зөв сонголтоо хийе. Өнгө, мөнгөнд хуурталгүй, мэдлэг чадвар, ёс зүйн шалгуур тавих учиртай. Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч гэсэн лаа асаая. Ахмадууд Ардын намаа сонгодог гэж улиглахын оронд дээр дурдсан, нийт сонгогчийн 67 хувийг эзэлж буй 20-49 насныхан нийгмийг өөрчлөх сонголт хийж чадна. Таны нэг зөв сонголтоор улс орон дутна. Оролцохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.