Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Сайханы сарлаг-2024” үйл ажиллагаа амралтын өдөр Өмнөговь аймгийн Гурван сайхан уулын Ёлын аманд өчигдөр эхэллээ. 2024 оны байдлаар тус аймгийн хэмжээнд 8 сумын 50 өрхөд 936 сарлаг үхэр, өсөж үржиж байна.
Энэ жилийн сарлагийн баярт таван сумын 24 өрхийн 400 гаруй сарлаг, малчид оролцож байгаа аж. Нээлтэд аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, сүү цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа болж, сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлагийн шилмэл бух үнээ шалгаруулж, сарлаг уралдуулах, булгиулах зэрэг тэмцээн уралдаануудыг зохион явуулж байна.
Сарлагийн баярыг гадаадын 200 гаруй жуулчин, дотоодын 2000 гаруй иргэд сонирхон үзэж, мэргэжлийн хөтөч орчуулагч үйл ажиллагааг англи хэлээр орчуулан нийтэд хүргэж жуулчид, иргэдийг ая тухтай байлгах үүднээс асар майхан барьжээ.