Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хуралдаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэн хэмээлээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй. Хууль болон тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын зарим гишүүнээс хууль хоорондын ердийн өрийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжиж, эцэслэн батлав.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн илтгэв.
Хуралдаан даргалагч хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулахын сацуу хууль болон тогтоолын төслүүдийн талаарх санал хураалтыг нэгдсэн журмаар явуулна гэснээр хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
2001 оноос хойш хэрэгжихгүй байсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илтгэсэн юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэнээр уг төслийг баталсан юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.18-д “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно” гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр завсарлуулах тухай Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дугаар захирамжийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан гаргаж, танилцуулж байна гэсэн юм. Захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөх мөрдөн хэмээв.
Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд хүрэлцэн ирж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлээр хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Баярлалаа. Энэ Улсын Их Хурал бол маш онцлогтой Улсын Их Хурал байлаа. Миний хувьд Ерөнхий сайдаар томилогдох үед бүгдээрээ масктай, бүгдээрээ шилэн хоргоны цаанаас хоорондоо харилцаж, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн орчин маш хүнд, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Та бүхэн цар тахлыг даван туулах Засгийн газрын багц бодлогыг дэмжсэн. Парламентын гишүүд хүнд үед нэгдмэл байж, том зургаар харж, ажилласнаараа бид цар тахлыг давж чадсан хэмээн онцоллоо. Мөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэсэн улс төрийн том шийдвэрийг парламент гаргаж чадсан. Эрдэнэт, Оюутолгой зэрэг олон асуудалд эрх зүйн хувьд цэг тавьж, Цахим бодлогын байнгын хороо байгуулж, цахим яам байгуулахыг дэмжсэн парламент байлаа хэмээв.
Монгол Улсын Ерөнхий сайдыг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 126 гишүүн хүлээн авах Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын засварыг 2024 оны 06 дугаар сарын 28-наар эцэслэн дуусгахыг Тамгын газарт үүрэг болгоод, чуулганыг завсарлуулахдаа үг хэлсэн юм.
Тэрбээр, хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна...2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, ажил хэрэгч парламент байж чадлаа. Ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан. Тиймээс шинэтгэгч парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна... Бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. Намчирхал, талцлыг хойш тавьж, Монголоо сэргээн мандуулах, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх эрхэм зорилгын төлөө гар, сэтгэл нийлж ажилласан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе. Улсын Их Хурлын тухай хуулийн 22.18-д заасны дагуу 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж байгааг мэдэгдье гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.