Урин дулаан цагт жуулчдын төдийгүй дотоодын иргэд олноор зорин очдог газруудын нэг нь Дорноговь аймгийн Сайншандад орших Хамарын хийд. Тус аймагт уржигдар 18.50-19.30 цагийн хооронд их хэмжээний бороо орж, үер буусны улмаас дээрх хийд рүү явах зам усанд автан эвдэрч, автомашинаар зорчих боломжгүйд хүрснийг “Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас өчигдөр анхаарууллаа. Мөн замын хөдөлгөөнийг хэвийн болгохын тулд шинээр далан барихаар холбогдох байгууллагынхан нь ажиллаж байгааг мэдээлсэн. Иймд ойрын хугацаанд Хамарын хийдийг зорих гэж буй аялагч, зорчигчид анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна. Тус хийд нь аймгийн төвөөс 40 гаруй км-ийн зайтай.
Ташрамд дурдахад, бороо их орсны улмаас аймгийн төв Сайншандад дөрвөн айлын байшин, мөн тооны гэр усанд автсаныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Орон нутгийн онцгой байдлын албаныхан айлуудын гэр, байшингийн усыг соруулж, зургаан иргэнийг аюулгүй газарт хүргэсэн гэнэ.
Бэлтгэсэн М.Оч