Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлд ноён Элчин сайд Чой Жин Воныг онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн” байна.
УИХ, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр жил дараалан зохион байгуулав. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор алтай язгуурын хэл, соёл, түүхийн хэлхээ холбоо бүхий улс орнууд харилцан оновчтой шийдэл, сайн туршлагаа солилцож буй энэхүү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа ч онцлов.
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлд хүрсэн. Цаашид хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, хамтран хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хамтын ажиллагаагаа шат ахиулах өргөн боломжтой. Тухайлбал, Солонгос, Монголын “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг байгуулах төслийн үйл ажиллагааг эхлүүлж, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.