Төв аймгийн Баянчандмань сумын нийт 1200 өрхийн 200 гаруй нь "Баян" үндэсний үйлдвэрт хамаарч, дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг. Энэ сумын нэг гол аж ахуй нь "Баян" өндөгний үйлдвэр аж. Өчигдөр тус үйлдвэрийн найман объeктийн дөрөв нь галд шатсан байна.
Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг дарга Г.Ариунболд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүслээ. Тэрбээр "...Үйлдвэр шатах үеийн цаг хугацаанд компани үе үеийн удирдлагууд болон тус компанид ажилладаг 200 гаруй ажиллагсад үйлдвэрээ аврахын тулд галын өөдөөс сөрж тэмцэж байгаа мөчийг та төсөөлнө биз ээ. Манай сум 1200 өрхтэй. Үүнээс 200 гаруй нь энэ үйлдвэрийн үр шимээр амьдарч ажилладаг давхардсан тоогоор буюу цаг үеийн түр ажлаар жилдээ 350 орчим иргэн, тэднийг дагалдсан өрхүүд ажил амьдралын эх үүсвэр болж, энэ цаг үед цалингаас гадна олон төрлийн хангамжаар сайхан амьдарч ирсэн. Тухайн үйлдвэр маань сум орон нутагтаа нягт холбоо уялдаатай байж олон сайхан ажил хийж орон нутагт аа ээлтэй ханддаг талаар таныг 2023 оны намар ирэхэд танд илэрхийлж байлаа. Одоо та бидэнд хамгийн их хэрэгтэй үе болоод байна. Зав тань болдог бол газар дээр нь үзэж танилцаж тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн болгох тал дээр туслалцаа хүсэж байна. Уг бичвэр маань танд хүрч таныг арга хэмжээ авна гэж найдаж буй. Таныг хүндэтгэн тусламж хүссэн хүсэлтийг маань олон түмэн минь цааш түгээж өгөөрэй. Уйгагүй хөдөлмөрийн үр шим болсон үйлдвэрээ шатахыг, одоо зээлээ яаж төлнөө гэж иргэд халаглахыг сонсоход сэтгэл зүрх эмтрэн байлаа. Энэ асуудал бол таны санаачилсан хүнсний хувьсгалын хүрээ мөнөөсөө мөн билээ.Таныг хүндэтгэсэн баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболд" хэмээн тусламж хүсжээ.