Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр энэ сарын 7-нд тохионо. Дэлхий нийтээр эл өдрийг 2019 онд анх удаа тэмдэглэсэн бөгөөд энэ жилийг “Хүнсний аюулгүй байдал- Болзошгүй эрсдэлд бэлэн байя” уриатай өнгөрүүлэх гэнэ. Аюулгүйн шаардлага хангаагүй хоол хүнс хэрэглэснээс болж жил бүр олон зуун сая хүн өвчилдөг. Энэ байдал Ази, Номхон далайн бүс нутагт бүр ч хүнд. Хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний аминд халтай эрсдэл үүсэж буй. Дэлхийг хамарсан цар тахлын өмнөх тоо баримтаас харахад Ази, Номхон далайн бүс нутагт жил бүр 225 мянга орчим хүн хүнсний гаралтай өвчний улмаас нас баржээ. Харамсалтай нь, нас барсан хүмүүсийн 30 орчим хувь нь хүүхэд аж.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Жонг-Жин Ким “Хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл бидний эргэн тойронд байсаар. Хоолны хордлого нь ихэвчлэн хүн, амьтны ялгадсаар дамжин бохирдсон, эсвэл буруу хадгалсан хоол хүнс хэрэглэснээс үүдэлтэй. Гудамжинд худалдаж буй хүнсийг голдуу өдрийн халуунд олон цагаар ил хадгалдаг, мах, өндөг зэргийг гүйцэд чанаж болголгүй хэрэглэснээс өвчлөх тохиолдол элбэг. Хүнсний аюулгүй байдал алдагдах нь хүний эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт хохирол учруулж байна. Эмзэг бүлгийнхэн болон эмэгтэйчүүд, хүүхдүүд, байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөнд өртөгсдөд илүү хүндээр нөлөөлдөг. Хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах, боловсруулж, хэрэглэснээс дэлхийн худалдаанд хохирол учруулж, улмаар хог хаягдлыг улам ихэсгэж байна. Энэ нь манай гаргийн олон хүн өлсгөлөнд нэрвэгдсээр байгаа өнөөгийн нөхцөлд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл” гэв. Байгалийн гамшгийн дараа хүнсний бохирдол ихсэж болзошгүй тул онцгой анхаарах ёстойг тэрбээр сануулсан юм. Мөн хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал алдагдсан зөрчлийг мэдээлэх, хариу арга хэмжээ авах, ялангуяа гэнэтийн зүйл тохиолдоход хэрхэх ёстойг мэддэг байхыг энэ өдөр сурталчлан таниулах гэнэ.