Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг байна. Одоогоор Улаанбаатар хот болон 15 аймагт томуу, томуу төст өвчин хоёрдугаар түвшин идэвхжиж буйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.1 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна. Тэдний 53 хувь нь тав хүртэлх насныхан аж. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл дөрвөөс доош насанд 2.9, 5-9 хүртэлх насанд 0.6 хувиар нэмэгджээ. Гэхдээ томуу, томуу төст өвчнөөс шалтгаалан эмнэлгийн ачаалал нэмэгдээгүй аж. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар ихэвчлэн багачууд тэр дундаа тав хүртэлх насны хүүхдүүд өвчилж буй гэнэ. Түүнчлэн өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс өвчлөх эрсдэлтэй байна. Вирус судлалын тандалтын мэдээгээр хүн амын дунд томуугийн A хүрээний H1N1 вирусийн идэвхжил хамгийн өндөр буюу 34.8 хувийг эзэлж буй аж. Мөн “Ковид-19” вирусийн тохиолдол ч цөөнгүй бүртгэгдэж байгаа гэнэ. Дулааны улиралтай холбоотойгоор өвчлөл буурсан ч вирусийн идэвхжил өндөр хэвээр байгаа нь томуу дэгдэх гол шалтгаан болж буйг эмч нар хэллээ.