УИХ дахь бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнасан юм. Тэд нийт 126 удаа хуралдаж, 320 гаруй асуудлыг хэлэлцэн шийджээ. Парламент дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн аж. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын, Боловсролын багц, УИХ-ын сонгуулийн, Эрүүл мэндийн багц, Баялгийн сангийн тухай зэрэг чухал хуулийг мөн баталсан. Тус намын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн “Эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, батлах гол ачааллыг манай намын бүлэг үүрсэн. Ингэхдээ бид эв нэгдэлтэй, хариуцлагатай байснаар тодорхой үр дүнд хүрч чадлаа. Хурууны хээний технологийг нэвтрүүлснээс хойш УИХ-ын чуулган, бүлгийн болон бусад хуралдаан цагтаа эхэлдэг болсон” гэв. Ирц муу байсан талаар тэрбээр “Өнгөрсөн дөрөвдүгээр сард гишүүд тойрогт ажилласантай холбоотойгоор зарим байнгын хорооны хурал хойшилсон тохиолдол бий” гэсэн хариулт өгсөн юм.