УИХ-ын хаврын чуулганыг маргааш буюу энэ сарын 5-нд завсарлуулахаар болжээ. Үндсэн хууль болон Улсын их хурлын тухай хуульд зааснаар ээлжит чуулган хагас жил тутам ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой байдаг. Үүний дагуу наадмын өмнө хаврын чуулган завсарлах учиртай. Гэвч сонгуулийн жилд уг жишгийг эвдэж, арай эрт завсарлуулдаг юм. Хаврын чуулганыг энэ жил тавдугаар сарын сүүлчээр завсарлуулахаар ярилцаж байсан ч ийнхүү хойшлуулсан аж.
76 гишүүнтэй байх сүүлчийн парламентын отгон чуулган ийнхүү өндөрлөж буй. Өнөөдөр, маргааш байнгын хороо, нэгдсэн чуулганаар Хот тосгоны болон Зуунмод хотын эрх зүйн байдлын, Монгол Улсын засаг захиргаа, түүний нутаг дэвсгэрийн нэгжийн, Үндэсний их баяр наадмын тухай зэрэг 11 хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх хуваарь гаргажээ. Гэвч МАН-ын бүлгийн даргын мэдээлснээр эцсийн хэлэлцүүлэг хийх 50 гаруй хуулийн төсөл хүлээгдэж буй гэнэ. Харин Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах, Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд “орхих” нь.