-Хүүхдүүдийн яс сийрэгжсэн нь үдийн хоолны шим тэжээлтэй холбоотой-
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоол өл залгуулах төдий байдаг нь шүүмжлэл дагуулдаг. Салбарын сайд, дарга нарыг зочлох үед сургуулийн тогооч гараа гаргав уу гэлтэй, арааны шүлс асгарам, өнгө үзэмжтэй хоол ширээ дүүрэн өрдөг нь хачирхалтай. Гэвч энэ нь үзүүлэн төдий бөгөөд үнэндээ бол сурагчдыг усан шөл, заримдаа ганц пирожкигоор хооллосон болж байна. Үүнээс илүүг өгөх боломжгүйг сургуулийн тогооч нар учирладаг. Учир нь нэг хүүхдэд 1500 төгрөгт тааруулан шим тэжээлтэй, баялаг орцтой хоол өгөх боломжгүй. 2021 оны есдүгээр сарын 1-нээс бага ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 1500 төгрөгөөр тооцож, улсын төсвөөс гаргаж буй. Үүнд жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг аж. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол ч ялгаагүй ходоод дүүргэхээс хэтрэхгүй байна.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА, БШУЯ-тай хамтран өнгөрсөн онд “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг дэмжих” төслийн хүрээнд сурагчдын хоолны шим тэжээлийг судалсан байна. Үүний хүрээнд Улаанбаатар, Өвөрхангай, Дундговь аймгийн сургуулийн II, IV ангийн 250 сурагчийг хоол, шим тэжээлийн судалгаанд хамруулжээ. Судалгаагаар хүүхдийн өндөр, жин, ясны нягт, цусны даралтыг хэмжиж, биед нь ямар хэмжээний шим тэжээл буйг тодорхойлжээ. Гэтэл судалгаанд оролцсон хүүхдүүдийн долоон хувь нь жингийн илүүдэлтэй, нэг хувь нь дутагдалтай байж. Багийнхны санааг хамгийн ихээр зовоосон зүйл нь монгол хүүхдүүдийн ясны сийрэгжилт аж . Судалгаанд хамрагдсан 250 сурагчийн дотор ясны нягтаршил нь хэвийн хүүхэд маш цөөн байсан гэнэ. Тэдний 60-70 хувь нь ясны сийрэгжилт, зөөлрөлттэй, 80-90 хувьд нь Д аминдэмийн дутагдал илэрсэн аж.
“Монголчууд нүүдэлчин ард түмэн. Мал аж ахуй эрхэлдэг болохоор сүү, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг байх гэж бодож байлаа. Хүн нэг өдөрт дунджаар 310 гр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Гэтэл хүүхдүүд дөнгөж гуравны нэгийг нь буюу 130 гр-ыг л хэрэглэж байгааг маш их гайхсан” хэмээн уг судалгааны багийн зөвлөх,“Нийгата” их сургуулийн Эрүүл мэнд, хоол тэжээлийн тэнхимийн профессор Нобүко Мүраяама манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсаныг тэмдэглэе. 10 нас ч хүрээгүй хүүхдүүдийн дунд бидний хэлдгээр настайчуудын өвчин тархсан нь үнэхээр харамсалтай. Өдрийн 5-6 цагийг сургуульдаа өнгөрүүлдэг багачуудад шим тэжээлтэй, аминдэмтэй хоол юу юунаас чухал. Ялангуяа өглөөний цайгаа уудаггүй, гэрт нь идэх зүйл байдаггүйгээс хоосон ходоодтой сургуульдаа ирдэг хүүхдүүдэд үдийн хоол нь гол шим тэжээл нь болдог байна.
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУДЫГ “ТЭТГЭСЭН” 500 ТӨГРӨГ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн буюу өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар цэцэрлэгийн багачуудын хоолны мөнгийг 500 төгрөгөөр нэмж бэлэг барив. Өдрийн найман цагийг цэцэрлэгтээ өнгөрүүлдэг хүүхдүүд 2475 төгрөгөөр хооллодог байв. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2008 оноос эхлэн улсын төсвөөс санхүүжүүлж буй. 2019 онд цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг бол 3600 төгрөгөөр тооцож олгохоор болсон. Үүнээс хойш таван жилийн хугацаанд нэг зуун төгрөг ч нэмсэнгүй. Энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсөж, хоолны гол түүхий эд болох мах, гурилын үнэ тэнгэрт хадав. Хүүхдүүд цэцэрлэгээсээ өлсөж ирдгийг аав, ээжүүд андахгүй. Өглөө бүр хүүхдийн будаа идсээр байгаад харахаас ч дотор нь муухайрдаг болсон гэх багачууд ч цөөнгүй. Үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь өлсгөлөн байлгах уу. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ.
БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд цэцэрлэг, сургуулийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэх саналыг хэд хэдэн удаа гаргаж, Сангийн яаманд хүргүүлсэн ч санхүүжилт байхгүй нэрээр буцаадаг аж. Хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхчүүдээс гаргуулах талаар жилийн жилд л ярьдаг. Санал асуулгад хамрагдсан эцэг, эхчүүдийн 60 орчим хувь нь хүүхдийнхээ хоолны мөнгийг халааснаасаа гаргахаас татгалзаагүй гэнэ. Гэвч хүүхдүүдийн хоолны мөнгийг улсын төсвөөс нэмэх, эцэг, эхийн халааснаас гаргах гэдэгт тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золгожээ. Аав, ээж, асран хамгаалагч нь хоолны мөнгөнд нэмэрлэе гэхэд харьяа яамныхан нь хэдэн хувиар тогтоохоо шийдвэрлэж чадахгүй өдий хүрсэн. Манай улс хүүхдийн асуудалд ямар хайнга хандаж буйг энэ жишээ харуулж байна.
Сонгуулийн өмнө эрх баригчид аливаа ажлыг гэрлийн хурдаар шийдвэрлэдгийн нэг жишээ нь таван жилийн хугацаанд “гацсан” цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэгдүүлсэн нь юм. Гэхдээ ердөө 500 төгрөг л нэмэв. Уг нь хоолны мөнгийг хоёр дахин нэмэх буюу 4950 төгрөгт хүргэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлдэг. 500 төгрөгөөр нэмлээ гээд цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл зохистой хэмжээнд хүрэхгүйг хоол зүйчид дурдсан. Хүүхдийн өсөлт, хөгжлийн хамгийн чухал үе нь тав хүртэлх нас аж. Энэ насны хүүхдүүд өдрийн ихэнхийг цэцэрлэгтээ өнгөрүүлдэг бөгөөд илчлэг өндөр, чанартай хоол хүнс идэх хэрэгтэй. Баянзүрх дүүргийн 304 дүгээр цэцэрлэгийн эмч, нялх, бага насны хүүхдүүдийн хооллолтын талаар зөвлөдөг “Dr.Mom” цахим хуудасны админ М.Солонгосайхан “2-6 хүртэлх насны хүүхэд хоногт 1100-1400 ккал авах ёстой. Үүний 80 хувийг буюу 800-1100 ккал-ыг цэцэрлэгээс авах шаардлагатай байдаг. Гэтэл цэцэрлэгт ердөө 500 ккал авч байна. Нэг хүүхдэд ногдож буй 2475 төгрөгт тааруулж буй нь тэр. Мөн хүнсний нэр, төрөл дутмаг. Хүүхдүүд мах, гурил, будаа, гоймон, жигнэмэг, үйлдвэрийн нарийн боов, сүү, тараг гэх мэт хүнс хэрэглэдэг. Харин энэ жил манай цэцэрлэгийн хамт олон 2475 төгрөгт хоолны шим тэжээлийг сайжруулах зорилго тавьж ажилласан. Сэвэг зарам, шош, вандуй гээд хүүхдүүдийн өдөр тутамдаа тэр бүр иддэггүй, уургаар баялаг үр тарианы төрлөөр хоолыг нь баяжууллаа. Мөн мах болон дайвар, ургамлын гаралтай бусад уураглаг бүтээгдэхүүнийг нэмснээр 25 нэр, төрлийг 49 болгож нэмэгдүүлсэн” гэв.
ДУНД АНГИЙН СУРАГЧДАД ҮДИЙН ХООЛ ӨГНӨ ГЭСЭН НЬ ҮЛГЭР БОЛОВ
Хүн амынхаа тооноос 18 дахин их мал сүрэгтэй монголчууд бид үр хүүхдэдээ сүү, тараг, цагаан идээг хангалттай хэмжээгээр өгч чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. НҮБ нэг хүн жилд 180 л сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Монгол хүн дээрх зөвлөмжөөс 3.4 дахин бага буюу 52 л сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Сүү бага хэрэглэснээр кальци, Д, В12 аминдэм, иод, уургийн дутагдалд орох эрсдэлтэй аж. Яс сийрэгжих шалтгааны талаар М.Солонгосайханаас мөн тодруулсан юм. Тэрбээр “Хүний биеийн бодисын солилцоо, хямралтай, удаашралтай болсны улмаас ахмад настнуудын яс сийрэгжих өндөр эрсдэлтэй байдаг. Гэтэл өсвөр насны хүүхдүүд ясны сийрэгжилттэй байгаа нь харамсалтай. Энэ нь хоол тэжээлийн байдал, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй.
Ясны сийрэгжилтэд нөлөөлөх хүчин зүйлийг хянах боломжтой болон боломжгүй гэж ангилдаг. Хянаж болохгүй хүчин зүйлд хүний яс үндэс, хүйс, нас, удамшил, эм, бэлдмэлүүд, өмнө нь яс хугарч байсан зэрэг нөлөөлдөг. Харин хянах боломжтой хүчин зүйлд нь хөдөлгөөн, шим тэжээлийн дутагдал, хоолны дэглэм, хорт зуршлууд багтдаг. Цэцэрлэгийн насанд нь шим тэжээлийг хоолоор зохимжтой хэмжээгээр өгөх, эрүүл зөв хооллох дадал хэвшилд суралцуулах, дасгал хөдөлгөөнд дуртай болгох, эрүүл, эрүүл бус хүнсийг ялгаж сурах, хорт зуршлын талаар зөв ойлгуулах нь нэн чухал. Үүнийг тав хүртэлх насанд нь цэцэрлэгийн багш болон эцэг, эх, асран хамгаалагч нараар дамжуулан сургах нь зүйтэй. Мөн сургуулийн насны хүүхдүүдэд дээрх хүчин зүйлийг ойлгуулж, эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгд үүлэн өглөөний цайг чанартай уулгаж сургах шаардлагатай. Сургуулийн үдийн хоолны амт, чанарыг сайжруулах нь хүүхэд эрүүл өсөж хөгжих өд маш чухал нөлөөтэй” гэв. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэтэл хүүхд үүдийн дунд шүдний өвчлөл газар авсан.
Эрүүл шүдийг тэтгэх хамгийн чухал элемент нь кальци. Үүнийг хангалттай хэмжээнд хэрэглээгүйгээс ясны эрдэсжилт удааширч, нимгэн, хэврэг болдог аж. Нэг хүүхдийн хоногт авах кальций н хэмжээ 700 мг байх ёстой. Гэтэл сурагчдын хоолны шим тэжээлийн судалгаагаар хүүхдүүд ердөө 240-260 мг-ыг авч байна. Бусад хүүхдийн хувьд ч энэ тоо нэг их зөрөхгүй болов уу. Манай орны хувьд сүү, сүүн бүтээгдэхүүнээр кальцийг нөхөх боломжтой. Гэхдээ Д аминдэмийн дутагдалтай бол кальци биед бүрэн дүүрэн шингэдэггүй гэнэ. Тиймээс эхлээд Д аминдэм дутагдалтай, эсэхээ шинжлүүлж, нөхөх нь чухал аж. Үүнээс гадна “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” үндэсний V судалгаанд дурдсанаар бага ангийн дөрвөн сурагч тутмын нэг нь жингийн идүүдэлтэй. Энэ нь зүрх, чихрийн шижин, цус харвах, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмдэг гэнэ. Сурагчид үдийн хоолондоо цаддаггүй, эсвэл иддэггүй учраас ойр орчмын дэлгүүрээс бэлэн хоол, чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа, шарсан төмсөөр ходоодоо дүүргэдэг. Энэ нь хоол биш, хор болж байна. Нэг хуушуурын үнэ хүрэхгүй мөнгөөр шим тэжээлтэй хоол өгөхийг зорьж ажилладаг нь байхад хоол нэртэй “хог” өгдөг нь ч бий. Цэцэрлэг, сургуулийн хоолыг хүүхдэд шаардлагатай шим тэжээлээр баяжуулах нь нэн тулгамдсан асуудал болжээ. Энэ хичээлийн жилд дунд ангийн сурагчдад үдийн хоол өгнө гэсэн нь үлгэр болсон. Харин ирэх намар сурагчдын хоолны 1500 төгрөгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улсаас нэмж хүчрэхгүй бол эцэг, эхчүүд хүүхдээсээ хоолны мөнгө харамлахгүй л байх.