Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, даргаараа Г.Баясгаланг сонгов. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-т “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу тэрбээр сонгогджээ. Г.Баясгалан нь 2019 оны зургаа дугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон юм.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудитороор Д.Загджавыг томилов. Түүнийг сонгох, эсэх талаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь нь дэмжжээ. Өмнөх ерөнхий аудитор Д.Занданбатыг 2019 онд томилсон бөгөөд тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн билээ. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай. Ерөнхий аудиторыг зургаан жилээр томилдог тул Д.Загджав нь жил хүрэхгүй хугацаанд ажиллах аж. Тэрбээр ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг эл албанд ажиллуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатараас санал болгосон юм.
Бэлтгэсэн Б.Уран