Хөдөлмөр заслын эмчилгээний олон улсын II бага хурал өнөөдөр болно. Уг арга хэмжээ нь ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Дэлхийн хөдөлмөр заслын холбооны ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонконгийн эрдэмтэн, хөдөлмөр засалчид оролцож, туршлагаасаа хуваалцах юм байна. Хүнийг хөдөлмөр хийхэд тулгарч буй асуудлыг үнэлэн, чадвар алдагдалтыг дүгнэж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр засалч нь нэн хэрэгцээт, өвөрмөц мэргэжилд тооцогдох болжээ. Монгол Улсад хөдөлмөр засалч мэргэжилтэй 53 хүн байдаг аж. Гэвч нийт 2500 ийм мэргэжилтэн шаадлагатайг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Хөдөлмөр заслын өнөөгийн түвшин, хэтийн хөгжлийн төлөв, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой уг хурлын хүрээнд сургалт зохион байгуулах гэнэ. Тухайлбал, түлэнхийн дараа 3D биеийн хэмжээс авах, гэмтлийн дараах дээд мөчдийн мэдрэхүй, хөдөлгөөний алдагдал, тархины гэмтэл, саажилттай хүүхдүүдийн хөдөлмөр засал сэдвээр оролцогчдыг мэргэшүүлэх нь.
Бэлтгэсэн Ч.Болор