Монголын Улаан загалмай нийгэмлэгээс зудад өртсөн малчин өрхүүдэд үзүүлсэн хандив тусламжийнхаа талаар өчигдөр мэдээлэв. Тус нийгэмлэгийнхэн 11 350 малчин өрхөд 7.6 тэрбум төгрөгийн хандивыг хүргэсэн байна. Хандивын үйл ажиллагаанд Монгол болон бусад орны Засгийн газар, байгууллагууд нэгдсэн аж. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газраас 675 сая төгрөг хандивлажээ. Манай улсын Гадаад харилцааны яамны ажилтнууд нэг өдрийн цалин болох 46.4 сая төгрөгийг малчдад хандивласан аж. Европын Холбооноос 1850 малчин өрх тус бүрд 550 мянган төгрөг, Серби улсын Засгийн газраас 700 өрхөд тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос 3000 малчин өрх тус бүрд 500 мянган төгрөг, малын эрдэс тэжээлийн багц олгожээ. АНУ-ын Хөгжлийн агентлагаас 700 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн байна. НҮБ-ын Хүн амын сангаас эмэгтэйчүүдэд зориулсан багцыг 700 хүнд олгожээ. Австралийн Засгийн газар болон Улаан загалмай нийгэмлэгээс 600 айлд бэлэн мөнгө, малын эрдэс бодис хандивласан байна. БНХАУ-ын Элчин сайдын яам, хүмүүнлэгийн үйлстнүүдээс 1500 айлд хүнсний хангамж, дулаан хувцас хандивласан гэнэ. Мөн 500 айлд малын эрдэс тэжээлийн багц хүргэжээ. “Бадрах энержи” компаниас 200 айлд бэлэн мөнгө, эрдэс тэжээлийн, 300 өрхөд хүнсний багц хүргэжээ. “Зудын үеийн хариу арга хэмжээ өндөрлөж байгаа. Гэсэн ч малаа алдаж, амьжиргааны түвшин буурсан айлуудад үргэлжлүүлэн туслах болно. Гамшиг, ослын үед дасан зохицох чадавхаа нэмэгдүүлэх нь чухал” хэмээн тус нийгэмлэгээс мэдэгдлээ. Түүнчлэн Нидерландын Засгийн газраас Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан манайд байгалийн гамшгаас сэргийлэх, нөлөөллийг бууруулах, даван туулахад зориулан 400 мянган еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Бэлтгэсэн А.Үүл