Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөмж өгөв. Зуны амралтаар хүүхдүүд ахуйн хүрээний болон зам, тээврийн осолд өртөх, нохой, муурт хазуулах, тоглоомын талбайд унаж бэртэх, түлэгдэх тохиолдол эрс нэмэгддэг байна.
Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн онд 0-17 хүртэлх насны нийт 67 861 хүүхэд тусламж, үйлчилгээ авчээ. Тухайлбал, тавдугаар сард 310, зургаадугаар сард 577, долоодугаар сард 527, наймдугаар сард 584, нийт 1998 хүүхэд зөвхөн тоглоомын талбайд тоглож байгаад унаж гэмтжээ. Харин энэ оны эхний таван сард Яаралтай тусламжийн тасагт нийт 27 060 хүүхэд хандсан бөгөөд тэдний 1578 нь зам, тээврийн осолд өртсөн байна.