Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ нь байнгын хорооны тогтоолын төсөл юм. Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын дарга, Монгол Улсын ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав энэ талаар танилцуулсан. ҮАГ нийт 496 ажилтантайгаар 7000 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн, давхардсан тоогоор 12 мянга орчим байгууллагад гүйцэтгэл, нийцлийн аудит хийдэг аж. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр улсын төсвийн нийт орлого, зардал нэмэгдэж, сахилга, санхүүгийн үр дүн, өгөөжид төрийн хяналтын чиг үүргийг сайжруулах шаардлагатай болжээ. Нэг төсөв захирагчийн санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд 80 орчим хуанлийн хоног зарцуулж буй нь олон улсын жишгээс 2-3 дахин богино байгаа гэнэ. Ингэснээр аудитын үр дүн, зөрчил илрүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсжээ. Мөн хүний нөөц дутмаг учраас гэрээт аудитор авах хэрэгцээтэй гэв. Тиймээс тус байгууллагын орон тоог 585 болгож өгөхийг хүсэж буй аж. Тогтоолын төслийг батлахыг олонх дэмжив. Шинэ орон тоо нь ирэх гурван жилд ажиллах дээд хэмжээ гэдгийг байнгын хорооны гишүүд сануулсан юм.