Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд энэ ил хоёр дахь удаагаа парламентын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх гэж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нөхцөлд л тэд улс төрийн сонголтоо хийх боломжтой болдог юм. Ингэхдээ зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын нэр сонгоно. Гадаадад суугаа иргэд юуны өмнө сонгуульд оролцох, эсэхээ мэдэгдэж бүртгүүлэх учиртай. Тэд ирэх сарын 15-наас өмнө өөрийн байгаа улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт утас, цахим шуудан, факсаар, эсвэл биечлэн очиж энэ тухайгаа мэдэгдэн бүртгүүлнэ. Эл бүртгэл нээгдсэн бөгөөд өчигдрийн байдлаар 31 улсад суугаа 2159 иргэн сонгуульд оролцохоо мэдэгдсэн байв.
Ирэх сарын 20-23-нд гадаадад суугаа иргэдийн саналыг авна. Сонгуульд оролцох, эсэх бүртгэлийг цахимаар өгөх боломжтой ч сонгох эрхээ заавал биечлэн очиж эдлэх ёстой юм. Нийт 31 улсад манай улсын дипломат төлөөлөгчийн 49 газар ажиллаж буй. Амьдардаг газарт нь ЭСЯ, Консулын газар байхгүй бол өөр ойролцоох хот руу, Европын зарим оронд байгаа иргэд зэргэлдээх улс дахь дипломат төлөөлөгчийн газарт очиж саналаа өгөх нь. Хол газрыг зорьж, бүтэн өдрөө зориулах иргэдэд сонгох эрхээ эдлэх боломж олгохын тулд санал авах өдрүүдийн тоог дөрөв болгон нэмж, бямба, ням гаргийг тааруулсан байна.
Бэлтгэсэн С.Уул